УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар бид түүхэндээ анх удаа парламентад 126 гишүүн сонгоно. Өмнөх найман сонгуульд 76 суудлын төлөө хамгийн олондоо 606 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байв. Тэгвэл суудлын тоо нэмэгдэхийн хэрээр нэрээ дэвшүүлэх горилогчдын тоо өсөх үү гэсэн асуулт гарна. Бид 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар хувь тэнцүүлж сонгох учиртай. Холимог тогтолцоогоор зохион байгуулах хоёр дахь удаагийн уг сонгуульд гуравдагч хүчний намууд нийт сонгогчоос авах саналд буюу намын жагсаалтад найдаж буй нь нууц биш. Гэвч Сонгуулийн тухай хуулийн дагуу нэг нам багадаа 39 хүн тойрогт нэр дэвшүүлж байж хувь тэнцүүлсэн тогтолцоогоор ногдох эрхээ эдлэх боломж бүрдэх юм. 76 биш 126 мандатын төлөө нам, эвслүүд өрсөлдөх учир горилогчдын тоо нэмэгдэж, дээрх рекордыг эвдэж мэдэх нь.
20 ЖИЛИЙН ЗАЙТАЙ СЭРГЭСЭН ГОРИЛОГЧДЫН ИДЭВХ
1992 онд болсон парламентын анхны сонгуульд найман нам, хоёр эвсэл оролцож, нийт 293 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ. Уг тоо өссөөр 2000 онд 602-т хүрсэн нь 2020 он хүртэл хамгийн өндөр үзүүлэлт байв. Нэг тойрог, нэг мандатын зарчмаар зохион байгуулсан 2000 оны сонгуулиар горилогчдын идэвх ийнхүү огцом сэргэсэн байх нь. Тэдний 27 нь бие даагч, бусад нь нам, эвслээс өрсөлдсөн юм байна. Үр дүнд нь тухайн үеийн МАХН 72, МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, ИЗНН, Эх орон-МАШСН тус бүр нэг суудал авч, нэг бие даагч сонгогдсон юм.
Гэвч дараагийн сонгуульд оролцогчдын тоо огцом буурч, 244 болсон нь хамгийн цөөн өрсөлдөгчтэй “сунгаа” болж түүхэнд бичигдэв. 76 мандат, суудлын төлөө дөрвөн жилд нэг удаа болдог парламентын сонгуульд горилсон эрхмүүдийн тоог дундажлан үзвэл 400 гаруй болж байна. 2000 оны рекордыг өнгөрсөн сонгуулиар эвдэж, дөрвөөр ахиулсан юм. 20 жилийн дараа улс төрд горилогчдын идэвх дахин сэргэсэн байх нь. Сонирхолтой нь, хамгийн олон хүн нэрээ дэвшүүлсэн уг хоёр сонгуулийн аль алинд нь МАН үнэмлэхүй олонх болсон юм.
МАНАЙ РЕКОРД-ДӨРВӨН ЭВСЭЛ
2020 оны УИХ-ын сонгууль оролцсон эвслийнхээ тоогоор ч түүхэндээ анхдагч болсон байна. Уг сонгуульд дөрвөн эвсэл оролцсон юм. 2016 онд гурав, 1992, 1996, 2000, 2012 онд хоёр, 2004, 2008 онд тус бүр нэг эвсэл өрсөлджээ. 2016 онд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам МНН-тай хамтарч “Тусгаар тогтнол, эв нэгдэл”, Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намынхан “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр болон Монголын либерал намынхан “Хаан сонголт” эвслийг бүрдүүлэн оролцсон. Зургаан нам хоёр хоёроороо эвссэн байх нь. Бусад 12 нам нь дангаар өрсөлдөхийг илүүд үзжээ. Тэгвэл 2020 оны сонгуулиар МАХН, ИЗНН, МУНН хамтарч “Та, бидний эвсэл”, ХҮН, МСДН, Зүй ёс намынхан “Зөв хүн электорат” эвсэл байгуулсан. Мөн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, БНН, Үнэн ба зөв, МҮАН-ынхан “Шинэ эвсэл”, Монгол консерватив, Монголын хүний төлөө нам хамтран “Сахигтун. Үндсэн хуулийн 19” эвсэл болж уг сонгуульд өрсөлдсөн билээ. Эдгээрээс эхний хоёр эвсэл тус бүр нэг хүн УИХ-д сонгуулж чадсан юм.
Сонгуулийн дараа МАХН-ынхан МАН-тай нэгдсэн тул уг эвслийг төлөөлж парламентад сонгогдсон гишүүн С.Ганбаатар АН-д элссэн байдаг. Тэгэхээр 2020 онд 12 нам нийт дөрвөн эвсэл байгуулсан бол 13 нам дангаар өрсөлджээ. Задлаад үзвэл энэ сонгуульд нийт 25 нам оролцсон байна. Хамгийн олон эвсэл оролцсон сүүлийн хоёр сонгуулиар жишээ татахад л ийм. Өөрөөр хэлбэл, манай улс төрийн намууд эвсэж, хамтрахдаа хойрго аж.
МАН, АН БА БУСАД
Дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 37 нам бүртгэлтэй байна. Хэдхэн сарын дараа болох сонгуульд яаж оролцохоо намуудын удирдах байгууллагынхан ярилцаж, түрүүчээсээ шийдвэрээ гаргаж буй. МНН, МҮАН-ынхан хамтарч “Үндэсний эвсэл” байгуулснаа албан ёсоор зарласан. Тэд бусад намыг эвсэлд нь элсэхийг урьж байгаа. ИЗНН-ынхан ч МАН, АН-аас бусад 35 намыг удахгүй болох сонгуульд нэгдэж, хамтарч оролцохыг уриалав. УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон иргэдийн 45 хувийн саналыг авсан МАН 62, 24 хувиас нь “эрх” өвөртөлсөн АН 11 суудал авсан. Гуравдагч хүчний бусад нам нэгдэж чадвал үлдсэн 30 хувийн саналыг татах боломжтой гэсэн үг. Гэвч дээр дурдсанчлан 12 нам дөрвөн тусдаа эвсэл байгуулсан нь улс төрд рекорд үзүүлэлт байгаа юм. МАН, АН-аас бусад намынхан нэг тал болбол амжилт олно гэдэг санал, уриалга шинэ биш. Сонгууль бүрээр л аль нэг жижиг намаас ийм уриалга дэвшүүлдэг. Гэвч хэрэгжүүлж байсан түүх үгүй. Тэд яагаад нэгдэж чаддаггүй вэ. Өнөөх л хувийн жижиг эрх ашиг, албан тушаалд тэмүүлсэн хүсэл нь нэгдэж ажиллахыг зөвшөөрдөггүй бололтой.
Ардчилсан намын тухайд Монгол Улсын хоёр дахь гол хүчин. Тэд сонгуульд бусадтай эвсэхгүй, харин өөрт нь нэгдэх боломжийг олгоно гэсэн зарчим баримталж байна. МНН, МҮАН-ын “Үндэсний эвсэл”-ийнхэн ч бусад намынхандаа нэгдэхийг уриалж буй болохоос нэмж эвсэхгүй юм билээ. Тэд эвсэж, нэрээ хуваахыг биш, бусдыг нэгтгэж хүчээ зузаалах амбицтай байна. Том, жижиг гэлтгүй манай улс төрийн намын удирдлага бүгд л тойргийн төвд байх хүсэлтэй. Үүнээсээ болоод “бөхийж” чаддаггүй, нэгдэж, эвсдэггүй. Тэгэхээр МАН, АН-аас бусад нам нэг цул болж сонгуульд оролцоно гэдэг нь “тамын тогооны” үлгэрээр амьдардаг монголчуудын хувьд бүтэх боломж муу. Энэ нь ирэх сонгуульд намууд дангаараа түлхүү оролцож, 3-4 эвсэл л байгуулдаг өмнөх жишиг давтагдана гэсэн үг. Харин эвслийг 2-4 нам бүрдүүлдэг бүтцэд бага зэрэг өөрчлөлт орж, арай олуулаа нэгдэхийг үгүйсгэхгүй юм. Таван нам нэг эвсэл байгуулахад л манай улс төрд түүхэн үйл явдал болно. Гуравдагч хүчний намууд бүгд нэг цул биш юм гэхэд 2-3 хуваагдан нэгдэхэд л сонгогдох, парламентад төлөөлөлтэй болох магадлал нь өсөөд ирэх учиртай. Гэвч тийм эр зориг бүх намаас гарахгүй биз ээ.
10 гаруй нам, хэдхэн эвсэл сонгуульд оролцох дүр зураг давтагдах хэдий ч эдгээрээс болон бие даан нэрээ дэвшүүлэх нийт горилогчийн тоо 2020 оныхыг давах магадлал өндөр байна. 76 биш, 126 суудлын төлөө нам, эвслүүд өрсөлдөнө. Мөн нэг нам доод тал нь 39 хүн тойрогт нэр дэвшүүлэх босгыг биелүүлэх юм. МАН, АН-ынхан сонгуулийн бүх тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлдэг уламжлалтай. Үүн дээр хэдэн нам нэгдэж, хэр чадалтай эвсэл байгуулахаас хамаараад ядаж нэг “баг” нь хүмүүсээ 100 хувь бүрдүүлж чадна гэж төсөөлье. 2020 оны сонгуулиар дээрх хоёр намаас гадна “Та, бидний эвсэл” 74, “Шинэ” эвсэл 72 хүн нэр дэвшүүлж байсан юм билээ. Мөн гуравдагч хүчний 10 нам дангаар өрсөлдөнө гэж үзэхэд тойрогт 390 горилогч болно. Ингэмэгц л нэрээ дэвшүүлэх хүний тоо 600 даваад явчихаж байна. Үүн дээр нэмээд нам, эвслүүд жагсаалтаар хүмүүсээ сойх ёстой. “Ах” намууд 48 хүний нэр жагсаах бол бусад нь ядаж 20-30 нэр бичих болов уу. Тэгэхээр 126 суудлын төлөө түүхэнд байгаагүй олон горилогч өрсөлдөх нь тодорхой болж буй юм. Энэ хэрээр 2024 оны сонгууль өрсөлдөөнтэй болох биз ээ. Нэг тийш хошуурч биш, өгсөн амлалтыг нь хийсэн ажилтай харьцуулж, ухаалаг, зөв сонголт хийх, эсэх нь та, бидний ухамсрын асуудал болж байна.