АН-аас байгуулсан “ногоон автобусны хэрэг”-ийг хянан шалгах ажлын хэсгээс өчигдөр мэдээлэл хийлээ. Уг хэргийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолд УИХ-ын нийт 25 гишүүн гарын үсгээ зурсан атал асуудлыг шийдэхгүй 50 хоног “уяж”, Үндсэн хууль зөрчсөн Г.Занданшатар даргыг Цэцэд өгөхөө тэд мэдэгдсэн юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор төсвөөс “түгжрэлийн сайд”-ын багцад 318 тэрбум төгрөг хуваарилж, үүгээр нийт 816 автобус авахаар болсон байдаг. Уг тендерийг шууд гэрээгээр “Тэнүүн-Огоо” ХХК-д өгч, нийт 134.5 тэрбум төгрөгийг тус компанид шилжүүлжээ. Тэд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй, том, дунд оврын нийт 95 автобус, 10 ширхэг цэнэглэгчийг 52.8 тэрбум төгрөгөөр авсан, гэрээний урьдчилгаа хэмээн шилжүүлсэн 82 тэрбум төгрөг яасан нь тодорхойгүй “алга болсон” хэмээн уг ажлын хэсгийнхэн өмнө нь мэдээлж байв. Холбогдох байгууллагууд нь шаардлагатай мэдээллийг өгөхгүй нуугаад байсан учраас тэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэйгээ хамтран уг асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Улмаар түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьсан байна. Үндсэн хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар түр хороог цөөнхийн бүлгийн төлөөллийг оролцуулж байгуулах бөгөөд 19-өөс олон гишүүн дэмжсэн нөхцөлд чуулганаар дараалал харгалзахгүйгээр, яаралтай оруулж шийднэ гэсэн байдаг аж.
Энэ талаар дээрх ажлын хэсгийн гишүүн Л.Ганхөлөг “УИХ-ын дарга Г.Занданшатар уг тогтоолын төслийг хэлэлцэхгүй 50 хоног “уясан”-ы эцэст нэгдүгээр сарын 17-нд түр хороог байгууллаа. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд “ногоон автобусны хулгай”-г шийдэхгүй, булзааруулах гэж ингэж цаг хожсон байна. Гэсэн ч бид үлдсэн хугацаанд амжуулж шийдэхийн төлөө ажиллах болно. АТГ-аас “ногоон автобусны хэрэг”-тэй холбоотой 25 албан тушаалтныг шалгаж буй тухайгаа мэдээлсэн. Гэвч үүнд хотын захирагч байсан Д.Сумъяабазар, “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатар нар багтаагүй. Техникийн үзүүлэлт зөрчсөн гэсэн үндэслэлээр дунд шатны хэдэн албан тушаалтанд хариуцлага тооцохоор шалгаж буй дүр эсгэж байна. Иргэдийг тайвшруулах л зорилготой энэ ажил нь торгуулийн арга хэмжээ авснаар дуусах байх” гэлээ. Түр хороо нь мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэй, үүний хүрээнд хийх 10 гаруй ажил, үүргийн нэг нь л хяналтын сонсгол гэдгийг тэрбээр онцлов. Мөн түр хороог дагалдан байгуулах дэд ажлын хэсэгт орох хүсэлтээ тэд уламжилж буй юм байна.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “Д.Сумъябазар хотын захирагч байх үед 135 тэрбум төгрөгөөр автобус авсан гэх гэрээг Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болмогцоо 100 хувь хэрэгжсэн гэж дүгнээд хааж, дараагийн худалдан авах ажлаа үргэлжлүүлсэн. 100 хувь хэрэгжсэн юм бол энэ мөнгөөр “авсан” 600 автобус чинь яагаад шугамд явахгүй байна вэ. Яг хэдэн автобус оруулж ирсэн талаарх гаалийн бүрдүүлэлтээ бидэнд үзүүлэхгүй байгаа” гэлээ. “Ногоон автобусны хулгай”-г нуун дарагдуулах гэж л Х.Нямбаатар ажиллаж байна хэмээн үзэж буйгаа тэд мэдэгдсэн.