Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захирагч Х.Нямбаатарыг “зодож” буй зургийн эвлүүлэг нийгмийн сүлжээгээр хэд хоног цацагдлаа. “Сонгууль болох гэж байхад чи юу хийчихэв ээ” гэсэн тайлбартай. Бодит судалгаа, тооцоогүйгээр нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, зарим хэсэгт бүр ямар ч унаагүй болгох “мэргэн” шийдвэр гаргаж, хотын иргэдийг хэдэн өдөр бухимдуулан, эд эсийг нь үхүүлж, өөрсдөө баахан хараалгасных нь хариуд сошиалчид МАН-ынхны бүтэлгүйтлийг дээрх зургаар ёжилсон хэрэг. “Сайжруулж чадахгүй бол юуг ч битгий өөрчил. Бүрэн эрхээ дуусгаад явтлаа зүгээр л юу ч битгий хий” хэмээн арга ядсан нийслэлчүүд эрх баригчдаас гуйсан.
Улсын их хурлын тухайн хуулиас:
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.
УИХ дахь олонх ба цөөнх
11.1. Сонгуулийн дүнгээр УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх (цаашид “олонх” гэх) гэнэ. (Уг хуульд ирэх хаврын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж, тоогоо 126-даа нийцүүлэн өөрчлөх учиртай)
11.2. Аль чнам, эвсэл олонх болоогүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн, ийнхүү зөвшилцөж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу олонхыг бүрдүүлнэ.
11.3. Энэ хуулийн 11.1, 11.2-т зааснаас бусад УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүнийг цөөнх (цаашид “цөөнх” гэх) гэнэ.
Үүний дараа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт аймшигт осол болов. Уг ослын дараа Засгийн газар хуралдахад хариуцлага алдсан албан тушаалтнуудыг огцруулах болов уу гэсэн хүлээлт байлаа. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, салбар хариуцсан сайд С.Амарсайхан нарыг огцруулахыг сөрөг хүчний зүгээс ч шаардсан. Гэвч хэн нь ч огцорсонгүй, хариуцлага хүлээсэнгүй. “Тогтолцоогоо өөрчлөхгүй бол хэн ч гарч ирсэн асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн тайлбарыг Шадар сайд өөрөө хэлснээр энэ тухай яриа дуусах нь тэр. Найман жилийн турш үнэмлэхүй олонхоор төрийн бүх шатанд ажиллахдаа МАН буруу бүхний үндэс болсон тогтолцоогоо өөрчилсөнгүй. Иргэдийг бухимдуулсан энэ хоёр тохиолдол тус намын нэр хүндэд нэлээд сөрөг нөлөө үзүүлж байна. Гэвч“МАН-ыг л дахин сонгохгүй юм шүү” гэсэн бухимдлаа иргэд Цагаан сарын буузаараа даруулаад “идчихгүй” байгаасай. Учир нь ирэх парламентын бүтцийг өөрчлөх, эсэх, олон намын төлөөлөл сонгох, эрх барих жолоог хэнд атгуулах нь сонгогч та, биднээс хамаарна.
126 СУУДЛЫГ ХЭДЭН НАМ, ЭВСЭЛД ХУВААХ ВЭ
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, парламентад 126 гишүүн сонгоно. Гишүүдийн тоо өсөхийн хэрээр парламент дахь намуудын төлөөлөл нэмэгдэнэ хэмээн тооцож буй. Мөн хувь тэнцүүлсэн тогтолцоонд жижиг намууд ихээхэн найдвар тавьж байна. Нийт сонгогчийн 4-5 хувийн санал авсан нам, эвсэлд “хүрд эргүүлэх” боломж олдох учраас тэр.
Холимог тогтолцоогоор явуулсан анхны сонгуулийн үр дүнд 2012 оны парламентад таван нам төлөөлөлтэй болж байв. АН-ын 34, МАН-ын 26, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 11, ИЗНН-ын хоёр, бие даагч гурван хүний төлөөллөөс уг парламент бүрдсэн юм. Олон суудал авч илүүрхсэн ч дангаараа Засгийн газар байгуулах хэмжээнд хүрээгүй учраас АН-ынхан 11 төлөөлөлтэй “Шударга ёс” эвсэлтэй хамтран төрийн эрхийг барьсан. Энэ үед тус намын түүхэнд Засгийн газар нь хамгийн удаан буюу хоёр жил гаруйн турш ажилласан юм даг. Н.Алтанхуягийн тэргүүлсэн уг Засгийн газрыг АН доторх “Шонхор” фракцынхан МАН-тай хамтран огцруулж байлаа.
Тэгвэл холимог тогтолцоогоор зохион байгуулах 2024 оны сонгуулиар энэ жишгээр парламентад 4-5 нам төлөөлөлтэй болно хэмээн улс төр судлаачид таамаглаж байна. 2012 оных шиг гуравдагч хүчнийг төлөөлсөн хүчирхэг эвсэл мэндэлж, бүлэг байгуулах хэмжээний суудал авч, түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй юм. Ирэх сонгуульд оролцох нам, эвслүүд албан ёсоор дөрөвдүгээр сарын сүүлчээр тодорно. Одоогоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын хамтарсан “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлэх нь тодорхой болж, уг эвсэл гуравдагч хүчин дотроо нэлээд даацтай өрсөлдөгч болж мэдэхээр байна. Шинэ тутам намууд, энэ парламентад ганц төлөөлөлтэй ч сөрөг хүчний үүргийг чамгүй гүйцэтгэж яваа ХҮН намынхан гээд АН, МАН-тай суудал хуваалцах өрсөлдөгч цөөнгүй.
МАН ДАХИН ОЛОНХ БОЛОХ УУ
Энэ удаа парламентад 126 гишүүн сонгох учраас аль нэг нам нь 50+1 хувийн буюу 64 суудал авч байж олонх болж, дангаараа Засгийн газар байгуулах боломж бүрдэнэ. Үнэмлэхүй, ядаж олонхын суудлаа хадгалахын тулд МАН-ынхан их хичээсэн. Эрх баригч намын хувьд сонгуулиар өөрсдөдөө давуу тал бий болгох шийдэл олныг гаргасан. Сонгуулийн тогтолцоог бүсчилж, томсгосон нь хэтдээ улсын эдийн засагт ашигтай, зөв хувилбар гэдгийг бараг бүх намынхан хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ тэд “Эрх баригч намынхан өөртөө хамгийн ашигтай хувилбараа зурсан” гэдэгтэй санал нэг байгаа юм. Үүнээс гадна иргэдийн саналыг татах зорилготой цөөнгүй шийдвэрийг УИХ-ын намрын чуулганаар гаргалаа. Тэд иргэдийн сул тал болох бэлэнчлэх сэтгэлгээн дээр “тоглолт хийх”-ээр төлөвлөв. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэн бүрд олгохоор ярьж байна. Эхний ногдол ашиг болох 120 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө, 2023 оныхыг дөрөвдүгээр сард олгох сурагтай. Энэ мөнгийг авмагцаа хэдэн өдөр автобусгүй хэрхэн зутарч, бухимдаж, МАН-ынхныг харааж явснаа иргэд мартах болно. Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сард үлдэгдэл ногдол ашгийг олгомогц бүр “хайр” нь хүрнэ. Сонгуулийн өмнө цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа. Нөгөө талд юу болох нь энэ хэсэгт сонин биш. Ингээд л олонх нь, тэр тусмаа сонгуульд идэвхтэй ахмад үеийнхэн МАН-аа дахин сонгоно. Тэгэхээр тус намд олонх болох магадлал их бий. Өөрөөр хэлбэл, 64 суудал авчих хэмжээний дэмжигч, нөлөө МАН-д үлдэнэ. Сонгуулийн хуулиа, тойргоо өөрсдөдөө зориулж, “зурсны” хэрэг үүн дээр гарах биз ээ. Харин холимог тогтолцоо үнэмлэхүй олонхын суудал авах магадлалыг бууруулж байна. Мөн өнгөрсөн найман жилд ямар ажил хийсэн, юу өөрчилсөн бэ гэдгийг нь бодитоор дүгнэж, шаардлагатай үед албан тушаалтнууддаа улс төрийн хариуцлага тооцож чадсан, үгүйг нь дэнслээд дүн тавих сонгогч олон бий. Тиймээс үнэмлэхүй олонхын суудал МАН-ын хувьд “мөрөөдөл” болон үлдэх юм.
АН-ЫН ХУВИЛБАР
Хоёр сонгууль дараалан мад тавиулсан Ардчилсан намынхан залуусаар хүчээ сэлбэж, өмнөх алдаагаа засаад хүч үзэхээ мэдэгдэж буй. Тэд олонх болохын төлөө ажиллана. Хүчтэй сөрөг хүчингүй парламенттай байхын горыг өнгөрсөн найман жилд хангалттай амссан учраас иргэд АН-ынхан сэхэж, МАН-ыг “дарж” өгөхийг хүсэн хүлээж байгаа. Нэг талдаа АН-ынхан ч алдаагаа давтахгүйг хичээж, нөгөө талд нь сонгогчдын цөөнгүй хувь нь тэдэнд итгэл хүлээлгэн дэмжиж буй юм. Сонгуулиас өмнө фракцын зөрчилдөө “идэгдэхгүй”, зөв стратегитэй ажиллаж чадвал АН-д өнөөдрийн нөхцөл байдлаа сайжруулах хэд хэдэн хувилбар бий. Юуны өмнө тэд хангалттай, хүчтэй сөрөг хүчин байх хэмжээний төлөөлөлтэй болж чадна. Энэ бол хамгийн доод хүлээлт. Хоёрдугаарт, МАН-аас цөөн суудлаар илүүрхэн, хамгийн олон төлөөлөлтэй нам болох өөдрөг хувилбар байна. 2012 оны сонгуулийн үр дүнтэй ойролцоо үр дүн гарахыг үгүйсгэхгүй гэсэн үг. 2004 онд МАН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35 суудал авч байсан түүх ч бий. Өөрөөр хэлбэл, дангаараа олонхыг бүрдүүлэх нам гарахгүй нөхцөлд арай олон суудал авсан АН гуравдагч хүчний бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах нь илүү бодит хувилбар болж таарч байна.
Сүүлийнх нь магадлал бага ч үгүйсгэх аргагүй. АН-ынхныг улс төрийн “бурхан тэнгэр” ивээж, 64 төлөөлөлтэй болгож чадвал дангаараа Засгийн газраа байгуулна. Гэхдээ МАН тэдэнд ийм боломж олгохгүй, тиймээс бодит байдлаас арай хол хувилбар байх нь.
ЭВСЭХИЙН СУЛ ТАЛ
Нэг нам нь арай олон төлөөлөлтэй ч олонх болоогүй нөхцөлд эвсэж Засгийн газар байгуулахаас өөр сонголт үгүй. Парламентад олон намын төлөөлөл оруулж ирэх нь холимог тогтолцоотой болсны нэг зорилго. Хэдийгээр УИХ-ын гишүүний тоог 126 болгон нэмсэн ч манай улс төрийн “тогоо”-ны багтаамж 4-5 намаас хэтрүүлэх боломжгүй. АН хамгийн олон суудал авсан нөхцөлд найман жил эрх барьсан МАН-д санал тавихгүй л болов уу. Тэгэхээр тус бүрдээ 1-3 төлөөлөлтэй болсон 1-2 нам, бүлэг байгуулах хэмжээний суудал авч мэдэх зөв тактиктай, шинэ намуудаас бүрдсэн эвсэл мэндэлсэн хэмээн өөдрөгөөр таамаглая. Тэдэнтэй АН эвсэх болно.
Гол хүч нь АН-д төвлөрөх учраас Ерөнхий сайд нь танхимаа хэр сайн “базаж” ажиллахаас бүх зүйл хамаарна. Мөн эвслийн Засгийн газарт нэгдэх намуудын үзэл баримтлал өөр, тус тусын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзэлтэй байх нь мэдээж. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг “сорчилж” боловсруулахаас эхлээд “бялуу”-г хэн хэндээ таалагдахуйц байдлаар хуваах нь чухал. Улс төрийн тохиролцоо, гэрээгээ тодорхой хийхгүй бол “олон толгойтой” Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад асуудал үүсдэг. 1996 оны “Ардчилсан холбоо”, 2004 оны сонгуулийн дараа ойролцоо суудал авсан АН, МАН-ын эвслийнхэн ч үргэлж дотроосоо задарсан байдаг. Тэгэхээр олон нам парламентад сонгогдож, тэдэнтэй нэгдэж ажиллах нь маш их ур чадвар, ухаан зарцуулсан ажил болох нь.
Шинэ парламентад эвслийн Засгийн газар байгуулах бол АН өмнөх алдаа, туршлагаасаа суралцах биз ээ. Ер нь энэ нам өөрсдөө ч дотроосоо “бөмбөг тавьж” мэдэх олон фракцтай. Олон байр суурь, олон намын төлөөлөл, олон дуу хоолой бүхий “алаг” парламент бүрдэх, эсэх, тэднийг зангидаж ажиллах жолоог АН, МАН-ын хэнд атгуулахыг иргэдийн мэргэн сонголт шийдэг.