Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны автомашин, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст бүртгэлтэй, Барилга захиалагчийн албаных нь дарга Эрдэнээгийн Мөнхнарангийн жолоодож явсан жийптэй мөргөлдсөний улмаас энэ сарын 24-ний 01.07 цагт дэлбэрч гурван гал сөнөөгч-аврагч амиа алдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу энэ сарын 27-ны 00.50 цагийн үед биеийнх нь 80-90 хувь нь түлэгдэн ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 19 настай залуу нас барлаа. Өөрөөр хэлбэл, галд өртөж нас барсан хүний тоо дөрөв болжээ. Өнөөдөр 13.00 цагт Хангарди ордны 14 давхарт УОК, НОК-оос мэдээлэл хийхэд энэ талаар тодорхой мэдээлэл өгөх гэнэ. Бидний авсан мэдээллээр талийгаач 19 настай С гэх залуу энэ сарын 24-ний шөнө болсон дэлбэрэлтийн үеэр машинтайгаа шатсан нэгэн аж.
Олон нийтийн сүлжээнд гудамжны тал талд суурилуулсан хяналтын камерын бичлэгийг нийтэлж буй. Нэг бичлэгт нь онцгой байдлын албаны дөрвөн залуу дэлбэрч буй ёмкостид дарагдаж буй мэт харагдсан. Тэгвэл тэдний нэг нь дэлбэрэлтийн долгионд шидэгдэж, дарагдалгүй амьд гарч чаджээ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр "Дашваанжил" ХХК-ийнхныг олон улсын стандарт, аюулгүй байдлын журам хангаагүй, хямд үнэтэй, нимгэн төмөртэй, зориулалтын бус байж болзошгүй цистернээр аюултай ачаа тээвэрлэсэн үндэслэлээр шалгаж байгаа хэмээн бичих болсон.
"Дашваанжил" ХХК машинтай шүргэлцэх төдийд хугарч, цоордог цистернээр аюултай ачааг зохих зөвшөөрөлгүйгээр нийслэл хот дундуур явуулсан нь тодорхой болоод байгаа билээ.