Ардчилсан хүчний холбооны дэд тэргүүн, судлаач С.Наранбаатар, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, анагаах ухааны доктор Н.Одонгуа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн, Засгийн газар энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Цэцэд гомдол гаргана хэмээн тэд мэдэгдсэн юм.
Агаар, орчны бохирдлоос үүдэн нярайн эндэгдэл нэмэгдэж, уушгины хавдраар өвчлөх хүний тоо эрс өссөн аж. Өнгөрсөн онд 1280 амьгүй төрөлт тоологдсоны 465 нь тархины гажигтай байсан тухай Н.Одонгуа танилцууллаа. Тэрбээр “Жил бүр 300-400 хүн уналт таталтаар өвдөж байна. Төрж буй хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн ийм өвчинтэй болдог. Мэндэлж буй хүүхдүүдийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай, тав хүртэлх насныхны эндэгдлийн гол шалтгааныг амьсгалын замын өвчин, уушгины хатгалгаа эзэлж байна. Төрөх насны эмэгтэйчүүдийн зулбах магадлал дөрөв дахин нэмэгдсэн” гэв. 1993 оноос хойш хийсэн 40 орчим судалгаа, Дэлхийн банк болон НҮБ-ын Хүүхдийн сангийн тайлангуудаас энэ мэдээллийг эш татаж буйгаа тэрбээр онцолсон.
Манай улс 2017 оноос Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлж, 2019 оны тавдугаар сараас сайжруулсан түлш түлж эхэлсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 оны тайланд агаар дахь нарийн ширхэгт тоосонцор буурсан ч хүхэрлэг хийн хэмжээ 43-57 дахин өссөн хэмээн тэмдэглэжээ. Мөн 2023 онд МУИС-ийн химийн тэнхимийн профессор Н.Амгалангийн хийсэн судалгаагаар органик буюу олон цагаригт нүүрсхүчлийн химийн шинэ нэгдэл агаарт бий болсон, тэр нь хавдар үүсгэж байгааг тогтоосон гэнэ. С.Наранбаатар “2017-2020 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 465.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл агаарын чанар сайжирсангүй. Нярайн эндэгдэл буурсангүй. Өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон тогтоол, шийдвэр, хөтөлбөр баталсан ч хэрэгжүүлсэнгүй” гэсэн юм.
Сайжруулсан түлшний найрлагын талаар үнэн, бодит мэдээллийг Засгийн газар нууж, иргэдэд толгой өвдөх, дотор муухайрах буюу угаартах шинж тэмдэг илэрч байхад үл тоолоо хэмээн тэд шүүмжлэв.