Ардчилсан намын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болов. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, дэд дарга С.Буяндэлгэр “Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж буй мэтээр мэдээлээд байгаа учраас тайлбар хийе. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа дэмжин, иргэдэд өгөөжийг нь хүртээх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Уг хуулийг анх 1993 онд баталсан. Үүнийг сайжруулахгүй, эрх зүйн хувьд дээшлүүлэхгүй юм бол өөрчлөөд хэрэггүй гэдгээ илэрхийлсэн. Хуулийг батлахад 39 гишүүний санал хэрэгтэй, МАН-ынхан өөрсдөө ирцээ бүрдүүлж чадаагүй, танхим дотроо ч талцаж буй атал биднийг буруутгаж байна. АН эрх барьж байсан он жилүүдэд авлига буурсан нь гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж байсны баталгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд уг хуулийг л харна, эрх ашгийг нь хамгаалах зохицуулалт бий юү гэдгийг нягтална. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурсан өөрчлөлт хийж хэрэггүй гэж АН үзэж байгаа” гэлээ.
Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимиддорж “Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн дагуу бид Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч өнөөдрийг болтол хэлэлцсэнгүй. Төрийн авлигын гол асуудал болж буй эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгохоор уг төсөлд тусгасан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах агуулгатай тогтоолыг энэ долоо хоногт хэлэлцэж буй. Ногдол ашиг нэрээр иргэдэд мөнгө тараахын оронд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг цогцоор нь хэлэлцэхийг шаардаж байна” гэв.