Данийн хатан хаан Маргретте бүх насаараа хаших учиртай хаан ширээнээсээ татгалзаж, эрх мэдлээ хүү Фредериктээ шилжүүлэхээр шийдсэнээ он солигдохын өмнө зарлажээ. Хаант засаглалтай улс орнуудад ийнхүү үе залгамжилдаг ёс үйлчилдэг. Тэгвэл ардчилсан Монгол Улсад ч шууд бус утгаар үе залгамжилсан, үргэлжлүүлсэн улс төрийн жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрсөн байна. 1990-ээд оны сүүл үеэс энэ “садангийн улс төр” эхэлсэн гэхэд болно.
1998 онд С.Зориг бусдын гарт үрэгдсэн харамсалтай хэрэг гарсны дараа түүний дүү С.Оюун ахынхаа орыг залган парламентад сонгогдсон юм. Нөхөн сонгуульд өрсөлдсөн түүнийг ахынх нь нэрээр сонгогчид төвөггүй “гаргаж” ирсэн. Гэхдээ энэ эмэгтэй улс төрч хүний төлөвшил, мэдлэг чадвар, ёс зүйтэй цөөхөн гишүүний нэг байв. Эхний удаа ахынх нь нэрээр түүнийг сонгосон иргэд дараагийн хэдэн сонгуульд чадвар, туршлагыг нь үнэлэн итгэл үзүүлсэн юм даг.
Боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой.
Мөн Ш.Отгонбилэг агсан 2001 онд онгоцны ослоор амь үрэгдэхэд түүний эхнэр Д.Туяа нөхөн сонгуулиар оронд нь сонгогдож, нийт долоон жил ажилласан. 2012 оноос тэдний хүү О.Содбилэг аав, ээжийнхээ замыг үргэлжлүүлж, дараалан хоёр парламентад сонгогдон ажилласан юм. Улс төрчийн хүүхэд улс төрч болдог жишиг үүнээс хойш дэлгэрэв.
ТЭР ДАРГА ХЭНИЙ ХҮҮ, ОХИН БЭ
УИХ-ын гишүүн, сайдын суудлыг “өмчлөөд” авчихсан мэт байнга сонгогддог, томилогддог хэсэг хүн бий. Нэг хүн парламентад хэдэн удаа сонгогдох тухай тооны хязгаарлалт манай хууль тогтоомжид үгүй. Тиймээс эрхээ эдэлж буй тэдэнд гэхээсээ улиг болтол нь сонгодог иргэдэд л асуудал бий гэж үзэхээс өөр яах билээ. Парламентад 4-5 удаа сонгогдсон 10-аад гишүүн одоогийн УИХ-д бий. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Н.Энхболд нар тус бүр тав, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Алтанхуяг нар дөрвөн удаа сонгогдсон байна. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн цагаас эхлэн тасралтгүй долоон удаа сонгогдсон түүхтэй. Тэдний рекордыг эвдсэн хүн одоогоор алга. Улс төрд нэг орсон хүн явах хэцүү байдаг бололтой.
Өөрөө УИХ-ын гишүүн, сайд хийхээс гадна үр хүүхдүүдээ төрийн өндөр албан тушаалд томилуулдаг улс төрч цөөнгүй. Ер нь боломж нь олдвол бүгд л хүүхдээ “өөд татах” хүсэлтэй явдаг биз. Тухайлбал, Ц.Нямдоржийн залгамжийг түүний хүү Н.Анхбаяр авсан. Аав хүү хоёр хамтдаа 10 гаруй жил төрд ажилласан байдаг. 2000 онд хүү нь УИХ-ын Тамгын газарт туслахаар ажиллаж эхлэх үед Ц.Нямдорж гуай парламентын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан юм. Н.Анхбаяр 2007 оноос хойш ГХЯ-нд мэргэжилтнээс нь эхлэн ажиллаж, эдүгээ Төрийн нарийн бичгийн даргыг нь хийж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Н.Анхбаярыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэр гаргав.
Улс төрчдийн хүүхдүүд төрийн өндөр албан тушаал хашиж буй энэ мэт жишээ олон. Тасралтгүй таван удаа парламентад сонгогдсон гишүүн Н.Энхболдын хүү Э.Одмөнх 2020 оноос хойш Төрийн ёслолын газрын даргаар ажиллаж буй аж. Тэрбээр Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга хийж байгаад уг албанд томилогдсон юм билээ. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо Барилга, хот байгуулалтын дэд сайд. Н.Энхбаярын хүү Э.Батшугар эдүгээ УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар нэлээд хэдэн жил ажилласан.
Эрх барьж буй намын албан тушаалтнуудын үр хүүхдүүдийн жишээ нэг ийм. Тэгвэл сөрөг хүчин АН-д ч үе залгамжлал бий. Саяхан тус намынхан нарийн бичгийн дарга нараа шинээр томилж, 1990-ээд оны залуусаар хүч сэлбэсэн. Тэдний нэг болох Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, эдүгээ АН-ын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяагийн охин юм билээ. Мөн УИХ-ын гишүүн асан, “фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон. Энэ бүсгүйн хувьд нэлээд дээхнээс улс төрд хөл тавьсан нэгэн. Мөн ирэх сонгуульд хүч үзэх нь тодорхой байгаа. Монголын анхны бөгөөд цорын ганц Дэд Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг хашиж явсан, туршлагатай улс төрч, АН-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг эдүгээ ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүний албатай. Тус намаас парламентын сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэгт тооцогдож буй.
ТЭГШ БОЛОМЖИЙГ БУЛААХГҮЙ БАЙХ ЁС ЗҮЙ
Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй. Тиймээс хүсэл, сонирхлынхоо дагуу улс төрд хөл тавьсан болгоныг эцэг, эхтэй нь холбон хардах хэцүү. Сайн аав, ээжийнхээ “буян”-аар шууд төрийн өндөр албан тушаалд очсон уу, эсвэл доод шатнаас нь эхлэн ажиллаж, туршлага хуримтлуулан, хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад орж томилогдсон боловсон хүчин үү гэдгийг ялгаж салгах нь чухал. Тухайлбал, Н.Энхболд гишүүн хүү нь дээрх албан тушаалд томилогдсонтой өөрөө ямар ч холбоогүй, бор зүрхээрээ “гарч ирсэн” гэсэн утгатай тайлбар өгчээ. Тэр бол ёс зүйтэй, элдэв хууль бус үйлдэлд нэр холбогддоггүй цөөн гишүүний нэг. Юутай ч аав, ээжийнхээ “хичээл зүтгэл”-ээр өндөр албанд томилогдсон эрхмүүд түүндээ тэнцэж ажиллаж чаддаг уу, мэдлэг, чадвар нь шаардлагад тэнцдэг үү гэсэн бас нэг шалгуур бий. Олон жил төрд өндөр алба хашсан хүмүүсийн хүүхдүүд олонх нь гадаадын нэр хүндтэй их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн байдаг. Эрдэм мэдлэгт үнэхээр шамдсан, чадварлаг залуус тэдний дунд олон. Тэгэхээр эдгээр шалгуураар дээрх “үе залгамжлагчдыг” шүүж үзье.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 10 гаруй жил ажилласан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр аавынхаа мэргэжлийг өвлөжээ. МУИС-ийг эрх зүйчээр төгссөн тэрбээр Шинэ Зеландын Викториягийн их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан аж. УИХ-ын Тамгын газарт туслахаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2007 оноос хойш Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс эхлэн хэлтэс, газрын дарга, дэд захирал Төрийн нарийн бичгийн дарга болтол ажиллаж буй. Түүнийг НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчөөр томилуулах Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг өрнөв. Ц.Нямдорж гуайн нөлөө одоо ч МАН-д их. Тиймээс тэр л хүүгээ НҮБ руу явуулах нүх, гарцыг бэлдлээ хэмээн хардаж буй нэг хэсэг байхад “Мэргэшсэн боловсон хүчин шүү дээ” гэх хүмүүс ч байв. Түүнийг улс төрд хөтөлсөн, албан тушаалд хүрэх замыг нь зассан хүн аав нь гэдгийг үгүйсгэх аргагүй. Уг хүн нь өөрөө чадваргүй, мэдлэг, туршлага нь хангалтгүй бол ядаж л хамт олон нь эсэргүүцнэ, түүний удирдлагад ажиллахаас дургүйцнэ. Дээр дурдсан улс төрчдийн хүүхдүүд ямартай ч сонгогдсон албан тушаалдаа гологдохгүй ажиллаад буй бололтой юм. Олны анхааралд өртөх хэмжээнд элдэв эсэргүүцэл, тэмцэл гарсангүй. Э.Батшугарын хувьд аав нь хэдэн сонгууль дараалан “чирж гүйсээр” 2020 онд сая нэг “хүрд эргүүлэх” боломжтой болсон билээ. Сонгогчдын саналыг, итгэлийг татахад Н.Энхбаяр гуайн нөлөө байсантай маргах хүн гарахгүй. Түүнд итгэсэн хүмүүс хүүг нь сонгосон. Гэхдээ Э.Батшугар банк, санхүү, эдийн засгийн салбартаа мэдлэг, туршлагатай, хоосонгүй гишүүн гэдгээ харуулж буй.
Нөгөө талаар боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой. Бусад аавын хүү, охины боломжийг булаасан “өндөр боловсролтой” мэргэжилтэн байгаад хэрэггүй. Харамсалтай нь, ийм ёс зүй гаргах үе залгамжлагч хэр олон бол. Тэднээс “замаа товчлох”-оос татгалзах хэмжээний ёс зүй хүлээх нь өвсөн дундаас зүү эрэх мэт л болох биз ээ.