Нигерийн умард хэсэгт орших Потискум хотын 30 гаруй дэлгүүрийг лалын хэт даврагчид шатаан, тоносон тухай ВВС дамжуулав. Уг дэлгүүрүүдийн эзэд христийн шашинтнууд байсан тухай хууль сахиулагчид мэдэгджээ. Хотын оршин суугчид орон гэрээсээ зугтаж, өөр тосгон, суурин руу нүүсэн аж. Түүнээс гадна тус улсын нийслэл Абужа хотын захын дүүрэгт цуврал халдлага болсны улмаас 40 гаруй хүн амиа алдсан тухай АР мэдээлсэн билээ.
Зул сарын баяраар гэгээн Терезагийн сүмийн дэргэд болсон дэлбэрэлтийг “Боко Харам” бүлэглэлийнхэн зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Мөн Жос, Гадак, Даматуру хотод дэлбэрэлт болж, цагдаагийн нэг ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Тус бүлэглэлийнхэн дахин халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгджээ. АНУ, Их Британи тэргүүтэй орнуудын эрх баригчид лалын хэт даврагчдыг хулчгар хэмээн нэрлэж, тэдний үйлдсэн хэргийг зөвтгөх аргагүй хэмээн онцолсон байна.
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан ард түмэндээ эмгэнэл илэрхийлж, алан хядагчдын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалав. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн хавар тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, христийн шашинтан Гудлак Жонатан Тө- рийн тэргүүнээр сонгогдсоны дараа “Боко Харам” бүлэглэлийнхэн халдлага зо хион байгуулах нь ихэссэн юм. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Абужа дахь НҮБ-ын байрны дэргэд болсон дэлбэрэлтийн үеэр 24 хүн амиа алдсан аж.
Х.ОД