Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнээс хотын төв хэсэгт халиа үүсэж, ойр орчмынх нь айл өрх, аж ахуйн нэгжүүд үерт автаж болзошгүй нөхцөл бүрдээд буй. Туул голын сав газрын захиргааныхан үүний шалтгааныг өнгөрсөн зун их бороо орсонтой холбож тайлбарласан. Тодруулбал, хөрсний усны түвшин дээшилснээс үүдэлтэй гэж мэдээлсэн юм. Тэгвэл тус газрын мэргэжилтнүүд Усны газрын даргын өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 26-27-нд шилжих шөнө Дамбадаржаагийн гүүрээс “ДЦС-3” ТӨХК хүртэлх хэсэг дэх Сэлбэ, Дунд голын эрэг дагуу хяналт шалгалт хийжээ. Мэргэжилтнүүд энэ үеэр барилгын суурьт хөлдсөн бохирдолтой мөсийг Сэлбэ голд хаяж буй нэг, ус шавхан нийлүүлсэн гурван зөрчлийг илрүүлсэн байна.
Хөрсний ус шавхахыг ус ашиглалтын нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүд ус шавхахдаа холбогдох байгууллагаас заавал зөвшөөрөл авч, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр төлөх зохицуулалттай. Ийм үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд торгууль ногдуулдаг журамтай. Үүний дагуу Усны газраас зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, анхааруулга өгсөн төдийгүй ус ашиглах дүгнэлт гаргуулах шаардлага тавьжээ.
Сэлбэ голын хөрсний усны түвшин нэмэгдсэн эрсдэлтэй үед хууль бус, хариуцлагагүй үйлдэл хийсэн нь үүнээс үүдэлтэй хожмын сөрөг нөлөөг даамжруулах аюултайг мэргэжилтнүүд дурдав. Мөсөн халианаас болж иргэдийн эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд хөрсний усыг зөвшөөрөлгүй шавхан нийлүүлсэн газруудад хариуцлага тооцох үндэслэлтэйг ч хэллээ.
Туул голын сав газрын захиргааныхан “Ирэх сард халиа дошин үүсэх магадлал өндөр болсон тул бүх талдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Дүүрэг, хороодын холбогдох албан тушаалтнууд хуульд заасны дагуу ажиллахыг хүсье” гэлээ. Мөн голын хамгаалалтын бүсэд буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад сэрэмжтэй байхыг сануулав.