Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд цаг агаар ихээхэн тогтворгүй болж, улирлын онцлог шинж, зүй тогтол алдагдсаар буйг судлаачид хөндсөөр байна. Үүнийг өвлийн цаг агаарын төлөв байдлыг шинжин, тодорхойлох зорилгоор эртнээс ашиглаж ирсэн “есийн тоолол”-оос харах боломжтой.
Арванхоёрдугаар сарын 22-нд жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог. Монголчууд энэ өдрөөс хүйтний оргил үе эхэлсэн хэмээн тооцож, 81 хоногийн дараа ерийн дулаантай золгож, өвлийн хүйтэн уур амьсгал уясдаг гэж үздэг юм. Тэгвэл байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр идэр есийн хүйтэн “алга болоод” байна.
Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, нийслэл, орон нутагт өвөлжилт хүндэрсэн. Зарим газарт агаарын температур 40 градусаас давж хүйтэрсэн. “Ес эхлэхээр бүр ч хэцүүдэх нь” хэмээн иргэд халширч байв. Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж, ес эхэлснээс хойш эрс дулааран, агаарын температур ихэнх нутагт 20 градусаас “буув”. Уржигдар Булган аймгийн Сэлэнгэ сумд агаарын температур хасах дөрвөн градуст хүрсэн нь үнэмлэхүй үзүүлэлт болжээ. Тэгвэл ийм дулаан өдөр ирэх сард цөөнгүй тохиохыг цаг уурын байгууллаас мэдээлэв. Нэгдүгээр сарын эхэн болон дунд үеэр нийт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл