“Хүүхдэдээ гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байхыг зөвлөлөө” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттерт бичсэн нь анхаарал татлаа. Уг нь тэрбээр үүнээс 10-хан хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх тушаал гаргасан билээ. Цахим хичээл үзэх ямар ч бэлтгэлгүй байсан сурагчид, эцэг, эх, асран хамгаалагчид, багш нар уг шийдвэрийг хэрэгжүүлэх гэж өдгөө бөөн ажил болж буй. Ийм цаг үед салбарын сайдын “жиргээ” тэдэнд “Хичээл хийгээд хэрэггүй” гэхтэй адил мессеж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Сайд ийнхүү зөвлөсөн нь шийдвэрээ мартсаных уу, эсвэл үе үе цахилгаан тасалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдралд саад учруулж байгаа Засгийн газрынхаа бүтэлгүйтлийг хаацайлах гэсэн оролдлого уу гэдгийг мэдэхгүй.
Ямартай ч “Сайдын хэлсний дагуу хүүхдийнхээ хичээлийг таслуулчихлаа” хэмээн иргэд цахим орчинд хошигнон бичихэд хүрэв. Гэтэл бодит байдалд хүүхдүүд цахимаар хичээллэхийн тулд өдөрт хоёр байтугай цагийг дэлгэцийн ард өнгөрөөхөөс өөр аргагүй буй. Харин зарим хэсэг нь цахим хичээлээ үзэх тоног төхөөрөмж, хэрэгсэл ч үгүй байгаа. Ийм ялгаатай байдал, тулгамдсан асуудлуудыг ойлгож, мэдэрч чадаагүй сайд цахим сүлжээнд ингэж цэцэрхсэн нь тохуурхал гэлтэй. Бодит байдлаас хол зөрүүтэй шийдвэрүүдээрээ хүүхдүүдийг хохироохгүй байхыг хүсье.
Бэлтгэсэн: М.Оч