Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 10.00 минутад товлон зарласан боловч шүүх хуралдааныг талуудын саналыг харгалзан 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаагаар дахин хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Өмнөх шүүх хуралдааныг шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх, мөн өмгөөлөгч Л.Очбаяр “...Бээжин хот руу томилолтоор ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг талуудын саналыг харгалзан хойшлуулсан юм.