Монгол орны нутгаас илрүүлж, судалсан эртний эмээлийн талаарх өгүүллийг олон улсын “Antiquity journal” сэтгүүлд хэвлэжээ. Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын агуйн оршуулгаас Монголын үндэсний музейн судлаачид 2014 онд Жужан улсын үед холбогдох модон эмээл илрүүлсэн юм байна. Энэ нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний зүймэл модон эмээл аж. Тухайн үед агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын үндэсний музейн археологичдод мэдэгджээ. Хоёр талдаа арьсан оосортой, хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, муммижуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж.
Тэнд мөн хонь, доргоны арьсан хувцас өмсүүлж оршуулсан хүний араг яс байжээ. Уг булшийг “морьтны агуй” гэж нэрлэх болсон байна. Хүний шарилын цацраг туяа, эмээлийн арьсан дөрөөний оосрыг нарийвчлан судалсны үндсэн дээр МЭ 420 оны үед хамаарахыг нь тогтоосон гэнэ. Мөн Дорнод аймгийн Гурванзагал болон Чойбалсан сумын заагт Өгөөмөр толгойн урд бэл дэх нэгэн булшнаас доктор Ц.Төрбат нар 2015 онд өрөөсөн төмөр дөрөө илрүүлжээ. Эдгээр олдворыг эрдэмтэд шинжлэх ухааны олон арга зүйгээр судалсны үндсэн дээр бичсэн өгүүллийг дээрх сэтгүүлд хэвлүүлсэн юм байна.
Монголын үндэсний музей, ХБНГУ-ын Макс Планкийн Гео-Анторологийн хүрээлэнгийн судлаач, түүхийн ухааны доктор, археологич Ж.Баярсайхан, археологич, доктор, профессор Ц.Төрбат нар болон дотоод, гадаадын 26 эрдэмтэн уг судалгааны өгүүллийг хамтран бичжээ.
Бэлтгэсэн: М.Оч