Монгол Улсын үе үеийн парламентад хууль тогтоож явсан эмэгтэйчүүд, иргэний нийгмийн, олон улсын байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл болсон бүсгүйчүүд өчигдөр Төрийн ордонд цуглав. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран “Эмэгтэй парламентчдын чуулган-2023”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ. Оролцогчид анхдугаар чуулганаас баталсан тунхаг бичгээ дүгнэх, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах уриалгыг батлах асуудлыг хэлэлцсэн юм. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэх, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр нэг жилийн дотор манай улс хууль, эрх зүйн хувьд томоохон ахиц гаргажээ. Бүх нэр дэвшигчид ээлтэй сонгуулийн тогтолцоотой болох, УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар эмэгтэйчүүдэд 40-өөс доошгүй хувийн квот олгох, Улс төрийн намын тухай хуульд жендерийн мэдрэмжтэй өөрчлөлт хийх, УИХ-ын даргын дэргэд Эмэгтэйчүүдийн улс төрийн зөвлөл байгуулах зэрэг зургаан зүйлийг анхдугаар чуулганаас гаргасан тунхагт тусгасан юм байна. Тэгвэл эдгээр зорилт нь өнөөдөр 90 хувьтай биелсэн аж.
30 ЖИЛИЙН ТЭМЦЛИЙН ҮР ДҮН НЬ 17.1 ХУВЬ
Парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2024 онд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх заалт оруулж батлаад байна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгохдоо хүйсээр сөөлжүүлж байрлуулна. Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд ирэх оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл багадаа 20 хувьд хүрч өсөх тооцоолол бий. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, удирдах албан тушаалд нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас багагүй байхаар тусгаад буй. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар “Эдгээр эрх зүйн шинэчлэл нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад том ахиц болно” гэсэн юм.
Нийгмийн бүхий л бүлгийн төлөөллийг хангах боломжтой холимог тогтолцоог баталгаажуулж, нэр дэвшүүлэх квотыг нэмэгдүүлж, ирэх оны сонгуулиар эмэгтэйчүүдийн эзлэх хувь парламентад өсөх нь тодорхой болсныг нам, иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн тэмцлийн үр дүн хэмээн оролцогчид талархсан. Гэвч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао баярлах, ханах болоогүй гэдгийг сануулав. Тэрбээр “Олон жилийн хөдөлмөр, тэмцлийн үр дүнд дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан нь томоохон үр дүн юм. Гэвч Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хүргэх зорилт тавьсан. 30 жилийн тэмцлийн үр дүнд өнөөдөр парламентын 17.1 хувь нь л эмэгтэйчүүд байна. Тиймээс сайжруулах зүйл олон бий. Баталсан хуулиа хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хийх ажил их байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор Монгол Улс дэлхийн 190 орноос 134-т эрэмбэлэгдэж буй. Үүнийг өөрчлөхөд улс төрийн манлайлагчид, намуудын үүрэг их” гэлээ.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ХҮССЭНГҮЙ
Бүсгүйчүүд үдээс хойших хуралдаанаараа “Амжилтаа ахиулах нь: Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь бүсгүйчүүд байх квот тогтоосон атлаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ийм өөрчлөлт оруулаагүйг тэд шүүмжилсэн. Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог. Уг заалтыг зургаан сар болгох тухай төслийг нэр бүхий гишүүд санаачлан УИХ-д өргөн барьсан ч баталж амжсангүй. Уг нь “хөндөх” хугацааг нь өөрчилсний дараа эмэгтэйчүүдийн квот зэргийг ярихаар төлөвлөсөн гэж найдаж байв. Гэвч одоо энэ хуулийг “хөндөх” боломж хаагдсан. Тиймээс хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу ирэх онд орон нутгийн сонгуулиар бүсгүйчүүдэд 20 хувийн квот л ногдох юм. УИХ-ын сонгуулийн хуульдаа тусгасан “дэвшилт” заалтаа орон нутгийнхад оруулах гэж эрэгтэй гишүүд хичээсэнгүй, хүссэнгүй. Тиймээс одоо улс төрийн намуудтайгаа тулж ажиллах, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ бүсгүйчүүдийг түлхүү сойхыг шаардах сонголт л үлдсэнийг оролцогчид ярьж байлаа.
ТОЙРОГ БАТҮҮНД ЗОХИЦСОН ТАКТИК
Бүсгүйчүүдийн онцолж хөндсөн нэг сэдэв нь УИХ-ын сонгуулийн тойрог хуваарилах болон зардалтай холбогдсон юм. 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. Сонгуулийн тойргийг бүсчилж тогтоохоор УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэлсэн, эрх баригч намынхан тохирсон учраас батлах нь тодорхой болоод буй. Үүний дагуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг зүүн, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл хангайн, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан баруун, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр говийн, мөн Дархан-Уул, Сэлэнгэ нэг, Улаанбаатар болон Төв аймаг 3-4, нийт 10 орчим тойрог байгуулахаар ярьж байгаа аж. Баян-Өлгий аймгийг тусад нь тойрог болгоно, үгүй гэсэн маргаан ч гараад байгаа юм. Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганаар уг асуудлыг хэлэлцэх юм билээ.
Тойргийг томсгох нь жалга довны үзлийг арилгаж, улс орны хөгжилд ахиц авчирна гэсэн байр суурьтай эмэгтэй олон байв. Танигдсан, эрэгтэй улс төрч дахин дахин сонгогддог жижиг тойргийн тогтолцоог халах цаг болсныг тэд хэлж байсан юм. Тиймээс шинэ тогтолцоо, тойргийн системд нийцүүлж сонгуулийн тактикаа сонгоход анхаарах хэрэгтэй гэж байлаа. Мөн нөгөө талдаа шинэ нэр дэвшигч залуус болон эмэгтэйчүүдэд хатуу тусна, сонгуулийн зардал илүү гарна гэсэн болгоомжлол ч байсан юм. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэе.
Б.Баярсайхан (УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга): -3-4 аймгийг нийлүүлж, бүсчилсэн тойрог байгуулбал танигдсан улстөрчдөд илүү боломж гарна. Шинэ залуу болон эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн ч эрсдэл нэмэгдэнэ.
Д.Алтай (УИХ-ын гишүүн асан): -Сонгуулийн тойргийг томсгож батлах байх. Жижиг тойрог жалга довны үзлийг их өдөөдөг. Харин 4-5 аймгийг нэгтгэж, бүсчилсэн тойрог байгуулах нь зөв. Энэ бол шинэ зүйл биш, бид 1992, 1996 онд ч томсгосон тойргоор сонгууль явуулж байсан. Гол нь томсгосон тойрогт эмэгтэйчүүдийн квотоо хэрхэн хуваарилахыг тодорхой болгох ёстой. Сонгуулийн зардлыг бууруулахыг уг чуулганд оролцогчид уриалж байна, гэхдээ бүтэхгүй л болов уу. Мөнгөтэй, нийтэд танигдсан улс төрчидтэй өрсөлдөх амаргүй. Намууд эмэгтэйчүүдээ бодитоор дэмжих нь чухал. Ер нь л өөрийнхөө оюуны чадал, хүчээр сонгуульд ялдаг юм шүү. Би УИХ-ын сонгуульд гурван удаа нэрээ дэвшүүлээд, нэг удаа сонгогдсон. Туулдаг зовлонг нь мэдэх учраас ингэж хэлж байна. Олон улсад шинэ, эрэгтэй нэр дэвшигчид эмэгтэйчүүдтэйгээ хамтарч кампанит ажлаа хийж, үр дүнд хүрдэг туршлага бий. Том тойрогт энэ маш зөв арга шүү. Хэдий амаргүй ч том тойрог байгуулах нь улс орны хэтийн хөгжилд хэрэгтэй, аймгуудыг бүсчилж хөгжүүлэх нь зөв. Тиймээс эмэгтэйчүүд том тойргийн системдээ нийцсэн бодлого, тактик хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Б.Пүрэвдорж (УИХ-ынгишүүн): -Бүсчилсэн тойрог байгуулбал бид жендерийн тэгш байдлыг хангах талаар хийсэн ололтоосоо буцахад хүрнэ. Эрчүүд янз бүрийн арга хэрэглээд олон нийтэд танигдаж болдог. Бүсгүйчүүдэд ийм боломж хомс. Танигдахад амаргүй. Гэхдээ тойргийн асуудлыг эрх баригчид шийднэ. Тиймээс та бүхэн минь эмэгтэй сонгогчдынхоо саналыг авах чиглэлд төвлөрч ажиллах хэрэгтэй шүү.
Д.Оюунхорол (УИХ-ын гишүүн асан): -Тойрог томсгох нь гээд бууж өгөхөө урьтал болгох хэрэггүй. Одоо эмэгтэйчүүдийн талаарх нийгмийн хандлага өөр болсон. Асуудлыг шийдүүлэхийн тулд эмэгтэйчүүдэд хандаж байна. Тиймээс сэтгэл зүйгээ бэлэн байлгах хэрэгтэй.
З.Баянсэлэнгэ (УИХ-ын гишүүн асан): -Тойргийг бүсчлэхийг зөв гэж бодож байна. Жижиг тойрогтой байх нь олон сонгогдсон, танигдсан эрчүүдэд л ашигтай. Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотын бодит үр дүнг харахын тулд намууд бүсгүйчүүддээ санхүүжилтийн 50 хувийг хөнгөлөх дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Б.Шүүдэрцэцэг (зохиолч): -Би улс төр сонирхдоггүй ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх ёстой гэсэн байр суурьтай явдаг. Хөндлөнгөөс нь хардаг хүний хувьд хэлэхэд, бүсгүйчүүд олон сонгогдвол шударга ёс тогтдог зэрэг ухуулгаа болих хэрэгтэй. Та нар ямар ч амлалт бүү өг. Сонгогдсон эмэгтэйчүүд нь үг, үйлдлээ хянадаггүй, тэнэг зүйл ярьдаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллаж чадахгүй байна. Тиймээс гомдоллохоо боль, чадваргүй байна шүү дээ. Та нар ад үзэгдэх зоригтой болж, хөшигний ард ч эв найртай байж сурахгүй бол амжилт олохгүй.
Ц.Цогзолмаа (УИХ-ын гишүүн асан): -Хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд хангах нь зайлшгүй зүйл. Тойрогт өрсөлдөх эмэгтэйчүүдэд тулгамддаг хамгийн том асуудал нь санхүүжилт. Ялангуяа тойргийг томсговол гарааны нөхцөл нь эрэгтэй улс төрчидтэй адил байж чадахгүй. Санхүүгийн байдлыг улам хүндрүүлнэ гэсэн үг. Үүнийг жишээлбэл, БНСУ-д шийдсэн байдаг. Тус улсын Үндэсний ассамблейд сонгогдсон эмэгтэйчүүд сонгуулийн тайлангаа гаргаад, 50 хувийг нь төсвөөс буцааж авдаг зохицуулалт бий. Мөн сурталчилгааны зардлынх нь 50 хувийг буцааж олгодог. Эмэгтэйчүүдийн олонх нь хандив босгож, найз нөхдөөсөө дэмжлэг авч байж л сонгуульд өрсөлддөг. Тиймээс ийм бодит дэмжлэг, хөнгөлөлт чухал. Гэвч манайд ийм хууль эрх зүйн орчин байхгүй учир хүнд нөхцөлд эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлнэ. 30 хувийн квот бол нэр дэвшүүлэх босго болохоос бүгд сонгогдоно гэсэн үг биш. Ардчилсан улс гэж буй ч наад захын төлөөллийн хэмжүүрээ хангалттай хийгээгүй л байна. Тиймээс зөвхөн эмэгтэйчүүд өрсөлдөх тойрог байгуулах хэрэгтэй. Тэгвэл аль нэг намын эмэгтэй гишүүний суудал хадгалагдах юм.
Х.Номингэрэл: (Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга, хуульч): -Монгол Улс том газар нутагтай, хүн ам нь тархай оршин суудаг учраас Сонгуулийн хуульд тойргийн тогтолцоог үлдээсэн. Гэтэл тойрог байгуулахдаа 3-4 аймгаар бүсчлэхэд зарим сул тал бий. Юуны өмнө саналын хуудасны загвар ойлгомжгүй болно, 10 гаруй нэр бичигдэх нь. Мөн мөнгөтэй, олонд танигдсан хүмүүсийн өрсөлдөөн болно. Шинэ болон олонд танигдаагүй хүмүүст сурталчилгаа хийх, бэлтгэл хангах боломж олдохгүй. Сонгуулийн зардал 2020 оныхоос ч өсөж мэднэ. Тогтолцооны шинжтэй өөрчлөлтийн тухай ярьж буй атал хугацаа тулгаж шийдэх нь эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбар гаргах нь гэсэн хардлага төрүүлж байна.
ИОНН-ын гишүүн бүсгүй “Гоё хууль баталсан гэх мэтээр “чихэр жимс” шиг үгс хэлж байгаа ч улс төрийн намуудын дотоодод байдал өөр. Шинэ гишүүд, залуустаа ялгавартай ханддаг, зоригийг нь мохоодог жишиг бий. Тиймээс гоё ярихаас илүү улс төрийн намуудын дотоод соёлыг өөрчлөх, гишүүдээ ил тод мэдээллээр хангадаг болох нь зөв. Манай намд бол ийм л жишиг мөрддөг” гэсэн юм. УИХ-ын гишүүн асан С.Нарангэрэл “Яагаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь чухал вэ гэдгийг бүсгүйчүүдэд энгийнээр ойлгуулах нь чухал. Өдөр тутмын амьдралд чинь ямар хэрэгтэй, яаж нөлөөлдөг гэдгийг тайлбарлах, сургах ажлыг иргэний нийгмийн байгууллагууд хийж чадна. Тиймээс тэдэнтэй хамтран ажиллах нь зөв. Ялангуяа орон нутгийн түвшинд эмэгтэйчүүд өөрсдөө оролцоогоо нэмэгдүүлж байж л өөрчлөлт гарна” гэв. Мөн эрүүл мэндийн салбарт 64 мянган хүн ажилладгийн 86 хувь нь бүсгүйчүүд, гэвч сайд, дэд сайд, том эмнэлгийн дарга нар нь бүгд эрчүүд байгааг судлаач Н.Дэлгэрсайхан шүүмжилсэн. Эмч мэргэжилтэй хүн УИХ-д сонгогдсон тохиолдол ховор, тиймээс парламент 126 гишүүнтэй болбол нийгмийн бүх бүлгийн төлөөллийг хангахад анхаарахыг тэрбээр хүссэн юм.
Ийнхүү оролцогчид байр сууриа илэрхийлэв. Улмаар уг чуулганаас 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар эмэгтэйчүүд, залуучуудад тэгш боломж олгох, сонгуулийн зардлыг бууруулах, бүсгүйчүүдэд энэ талаар дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зэрэг зорилт бүхий уриалгыг баталлаа.