Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ) энэ сарын 18-нд VII чуулганаа хийж, шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Аливаа улс төрийн өндөр албан тушаалд хүрэх гараа тухайн намын залуучуудын байгууллагаас эхэлдэг жишиг бий. Тиймээс АН-ын залуусын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөх болов уу гэсэн хүлээлт байна. АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг энэ сарын 10-нд бүртгэхэд дөрвөн залуу л нэрээ дэвшүүлсэн нь харьцангуй цөөн байлаа.
Юутай ч намын дэргэдэх залуучуудын холбооныхоо тэргүүнээр сонгогдсон хүнд удахгүй болох 2024 оны сонгуульд нэр дэвших “виз” олдох магадлал нэмэгдэнэ. Энэ удаа биш ч 2028 оны сонгууль бол баттай байх юм. Уг албан тушаалд Л.Ганхөлөг, М.Амгаланбаатар, Б.Батзаяа, Б.Ган-Очир нарын дөрвөн залуу өрсөлдөж байна. Тэдний гурав нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй аж. Харин АЗХ-ны тэргүүний төлөө өрсөлдөх зоригтой бүсгүй АН-аас гарсангүй. Тус намын залуучуудын холбоог тэргүүлэх сонгуульд нэрээ дэвшүүлсэн залуусыг “шинжлээ”. Тэдний хэн нь энэ холбооны ерөнхийлөгчөөр тодрох бол.
Б.ГАН-ОЧИР
Тэр бол бусад нэр дэвшигчээсээ улс төрд илүү удаан “чанагдсан”, тэр хэрээрээ олон нийтэд илүү танигдсан, туршлагатай нь. 1980-аад оны төлөөлөл энэ залуу 2012-2014 онд АН-ын түүхэнд хамгийн удаан ажилласан Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд залуусаа дэмжих бодлого баримталж, 20 гаруйхан настнуудаар “зөвлүүлж”, тэднийх нь мэдлэг, туршлага гологдож буйг олон нийт ч, улс төрийн тогоондоо ч шүүмжилж байв. “Өнөөдөр” сонинд ч энэ тухай 10 жилийн өмнө “Амьгүй албат” цуврал нийтлэл гарч байлаа. Сэтгүүлч мэргэжилтэй, “Боловсрол” телевизэд хэсэг ажилласан, мөн намынхаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргыг жил гаруйн турш хийсэн л туршлагатай залуу АН сонгуулиар олонх болох үед дээрх том албанд томилогдож байжээ.
Тэр үеэ бодвол Б.Ган-Очирын улс төрийн туршлага өнөөдөр арвижсан биз ээ. Намаас нь түүнийг эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор хэмээн танилцуулсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, АН-ын нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллажээ. Мөн 2014 онд “Амьд эдийн засаг”, “Амьд хууль”, 2019 онд “Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ” зэрэг ном бичиж хэвлүүлсэн юм байна. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард “Шинэчлэлийн эцэг” номоо гаргажээ. Энэ нь сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Ерөнхий сайд байхдаа хийсэн 35 шинэчлэлийн тухай өгүүлсэн ном гэнэ.
Эдүгээ Б.Ган-Очир АН-ын Үндэсний бодлогын хороо, АЗХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд даргын сонгуульт албатай аж. Ер нь Сүхбаатар дүүргийг “онилж”, ирэх сонгуульд хүч үзэх магадлалтай залуусын нэг байх нь. Хэрэв тэрбээр АЗХ-ны тэргүүнээр сонгогдвол 2024 оны сонгуулиар нэрээ дэвшүүлэх нь тодорхой. 10 гаруй жил намдаа болон төрд хариуцлагатай алба хашиж, тодорхой туршлага хуримтлуулчихсан, одоо парламентад “тоосоо өргөх” бэлтгэл нь ханасан гэж түүнийг дүгнэж болохоор байна.
Б.БАТЗАЯА
Нэр дэвшигчдээсээ хамгийн залуу, бас өөр мэргэжилтэй нь Б.Батзаяа аж. Тэрбээр 1991 онд төрсөн, бизнесийн удирдлагын магистр. Улс төрд бол шинэ дүр төрх. АЗХ-ны ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгч буй С.Эрдэнэболдтой хамтран 2016-2018 онд “Нээлттэй ардчилсан нам” шинэчлэлийн хөдөлгөөнд элсэн, зохицуулагчаар нь ажиллаж байжээ. Харин Монголын залуучуудын холбоотой бол 22 настайгаасаа холбогдсон юм байна. 10 жилийн өмнө МЗХ-нд мэргэжилтнээр ажилд орж байсан тэрбээр эдүгээ тус холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүн юм билээ. Мөн “Октопус консалтинг”- ийн төслийн менежер, “Номин холдинг” ХХК-ийн сургалт, хөгжлийн ахлах менежер, “Ubcab” онлайн такси үйлчилгээний компанийн маркетингийн захирал зэрэг ажил хийж байгаад 2022 оноос “Educational zone technology” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Тэтгэлэг апп”-ын үүсгэн байгуулагч, 2023 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.
Бизнес, технологийн чиглэлээр голдуу ажиллаж явснаа намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухайгаа тэрбээр “Биднийг тойрсон олон асуултын хариуг улс төрчдөөс хайдаг, тэднээс нэхдэг. Олон жил хүлээлээ, харлаа. Шийдэл байвч сэтгэл дутсан он жилүүд өнгөрлөө. Тиймээс мөс хагалахаар шийдлээ. Үеийн залуусаа өөрчлөлтөд уриалахаар улс төрийн тавцан дээр гарч ирэхээр боллоо. Хэн нэгэн хийх болов уу гэж хүлээлгүй өөрсдөө өөрчилцгөөе” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр сүүлийн үед АН-аас зохион байгуулж буй цөөнгүй арга хэмжээнд залуу гишүүний хувиар илтгэл тавьж, санаачилсан аппликэйшнээ танилцуулан оролцох болсон юм.
Л.ГАНХӨЛӨГ
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын харилцааны ажилтан, “Түшээ” дээд сургуулийг эрх зүйчээр дүүргэсэн тэрбээр МУИС-ийн улс төр судлалын магистр юм байна. 1989 онд төрсөн бөгөөд их сургуулиа төгссөнөөс эхлэн төрийн байгууллагад ажилласан гэдгээрээ бусдаасаа ялгаатай. 2011-2012 онд УИХ-ын гишүүний туслахаар ажлын гараагаа эхлүүлж, улмаар 2012-2016 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, 2019- 2020 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-т, мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргаар ажиллажээ. Намынхаа ҮБХ-ны гишүүн.
Тэрбээр “Ардчилсан намын нэгдэл нийгмийн хүлээлтэд хүрсэнгүй. Энэ хүлээлтийг АЗХ хэрэгжүүлэх боломжтой гэж итгэн сонгуульд нэрээ дэвшүүллээ” гэсэн байна.
М.АМГАЛАНБААТАР
АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн тэрбээр тус холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар 2017 оноос хойш ажиллаж буй юм байна. Холбооны гишүүддээ илүү танигдсан учраас бусдаасаа давуу талтай байж мэдэх нь. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсжээ. 2009-2014 онд “Классик тохижилт” ХХК-ийн захирал, 2014-2017 онд Сангийн яамны Арилжааны тооцооны төвийн даргаар ажиллаж байсан аж. АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх болсноо цахим хуудсаараа тэрбээр мэдэгдэж, намын залуустаа хандсан захидал бичжээ. Үүнд “Өнгөрсөн долоон жилд АЗХ-ныхоо гал голомтыг сахиж, нөөц боломжоо зориулан ажиллаж байна. Эрх чөлөө бага багаар хорогдсоор нэг намын дэглэм тогтож болзошгүй болсон энэ үед бид ардчиллын ирээдүйг шинээр хүчирхэгжүүлэх хариуцлагын өмнө ирлээ” гэжээ. М.Амгаланбаатар нь АН-ын ҮБХ-ны болон Хан-Уул дүүргийн АН-ын хорооны гишүүн юм байна.
АЗХ-ны анхны ерөнхийлөгчөөр улс төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан ажиллаж байжээ. Одоогийн тэргүүнээр нь С.Эрдэнэболд ажиллаж буй бөгөөд дүү нартаа халаагаа өгч байгаа аж. Тус холбооны ерөнхийлөгчийг АН-ын бүх аймаг, дүүргийн хэмжээнд санал авч, тодруулдаг юм байна. Олон нийтэд төдийлөн танил биш ч эдгээр залуу өөрчлөх, шинэчлэх хүслээр дүүрэн явна. Фракцуудын талцал, тохиролцооноос хол, шударгаар сонгуулиа зохион байгуулбал доороосоо шинэчлэгдэх боломж АН-д ч бас бүрдэх юм.