Ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН-ыг үүсгэн байгуулсны 23 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн баярын өдрөө тохиолдуулан тус намаас “Democracy summit” бодлогын хэлэлцүүлгийг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж, гишүүд, дэмжигчид нь болон Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. “Хонхны дуу”-гаар эхэлсэн уг арга хэмжээний хүрээнд бодлого, засаглал, хүний эрх, хууль, төсвийн реформын болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагчдын төлөөлөл илтгэл тавьсан юм. Тэд эдийн засгаа батжуулж, хөгжилд саад болж буй асуудлыг шийдэх нь ардчилсан тогтолцоог аврах, гажуудлыг нь засах гол гарц гэдэг санааг онцолж байлаа. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр манай улсын эдийн засгийн хөгжлийг боомилж буй гурван гол шалтгаан нь уул уурхайн гаралтай түүхий эдийн хамаарал, орлогын ялгаатай байдал, сул засаглал хэмээн тодорхойлов. Засаглалаа сайжруулж, хууль ёсыг дээдлэх зарчмыг чанд мөрдөн, чадварлаг боловсон хүчин бүхий төрийн албатай болох, ингэхдээ Скандинавын орнууд болон Сингапурын сайн жишгийг дагах нь чухал гэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл “Иргэн нь баян Монгол” сэдвээр илтгэхдээ 33 жилийн өмнө шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчтэй нийгэм бүтээхээр эхлүүлсэн ардчилсан тогтолцоо өнөөдөр гажуудсаныг сануулав. Авлига, хулгай нүүрлэсэн, айдас дүүрэн нийгэм бий болчихсоны шалтгаан нь зүүний үзэл баримтлалтай намын халамжийн бодлогоор “зэвсэглэсэн том машин” буруу өнхөрч буй явдал гэж дүгнэв. Ардчилсан нам жинхэнэ утгаараа сэргэж байж энэ бүхнийг засахад хувь нэмрээ оруулна хэмээн мэдэгдсэн.
АН-ын дэргэдэх Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа “Эрх баригчид эдийн засаг 6.9 хувиар өссөн гэж буй. Дэлхийн банк үүнийг зөвшөөрсөн ч нэг салбараас хэт хамааралтай, үнийн өсөлт, бүтээгдэхүүний борлуулалтын хэлбэлзэлд хэт өртөмтгий байгааг сануулж байна. АН энэ бүхнийг засах бодлогоо боловсруулсан. Төсөв хэт тэлснийг хумих ёстой. Засгийн газар түүхэнд байгаагүй данхар буюу 22 сайд, 20 яамтай байгааг цомхотгох хэрэгтэй, эдний “идэш ууш”-ийг төлөх гэж ард түмэн цөхөртлөө татвар төлж байна. Есөн яам байхад хангалттай. Төр данхайж буй учраас худалдан авах зардал өндөр болсон, үүнийг 50 хувиар бууруулна. Өрийн удирдлагыг сайжруулах нь чухал. Энэ мэтээр төсвөөс гадуурх зардлыг танаж, хяналтын механизм бүрдүүлэхээр бид бодлогын хөтөлбөртөө тусгаад байна” гэлээ.