“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладены залгамжлагч хэмээгдэж байсан Анвар аль-Авлакийн хийсэн видео мэдэгдэл интернэтэд тавигджээ. Түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Йеменд устгасан хэмээн АНУ-ын тусгай албаныхан мэдэгдэж байсан юм. Тэрбээр Америкт амьдардаг лалын шашинтнуудыг “Аль-Каида” бүлэглэлд элсэхийг уриалсан тухай “Ройтерс” дамжууллаа. “Та бүхэнд хоёр л зам байна. Эсвэл өөр орон руу цагаачилж гарах, эсвэл ариун дайнд нэгдэх. Баруунд амьдарч буй шашин нэгтнүүддээ хоёр дахь замыг сонгохыг уриалж байна” хэмээн “нас барсан” Анвар аль-Авлаки мэдэгдэлдээ өгүүлжээ. Нью-Мексико мужид төрсөн, Колорадагийн их сургуулийг төгссөн аль-Авлакиг устгасан хэмээн мэдэгдсэний дараа хүний эрхийг хамгаалагчид Америкийн эрх баригчдыг шүүмжилж байсан юм.