УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын ирцийн мэдээ гарчээ. Энэ хугацаанд нэгдсэн чуулган 10 удаа хуралдсан байна. Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нарын 16 гишүүн хуралдаандаа 100 хувийн ирцтэй оролцсон аж. Харин найман гишүүн хуралдааны 50 хувьд нь л суусан байна.
Тэгвэл ажилдаа байнга хоцордог хүмүүсийг хэн тэргүүлснийг сонирхъё. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлээс тухайн үед нэг удаа сэтгүүлч яагаад чуулганы хуралдаандаа хоцроод буйг нь асуухад “Хоцрох ёсгүй л дээ, гэхдээ би угаасаа хоцордог юм” гэж хариулсан нь бий. Иймэрхүү хэнэггүй гишүүн одоогийн парламентад ч олон байна. Ерөнхий сайд асан, гишүүн С.Батболд чуулганы хуралдаандаа найман удаа суусан ч бүгдэд нь хоцорч ирснээр энэ “жагсаалт”-ыг тэргүүлжээ. Ж.Эрдэнэбат, Д.Ганбат нарын гишүүн зургаан удаа хоцорсноор удаалав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэдийгээр идэвхтэй суусан ч бас л 50 хувьд нь хоцорсон байх нь.
Мөн хамгийн олон удаа гадаадад томилолттой, эзгүй байсан хүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодров. Тэрбээр есөн удаа гадаад томилолттой байсан гэнэ. Засгийн газрын тэргүүнд хийх айлчлал, амжуулах ажил олон байсан биз ээ. Тэгвэл “сул” гишүүдээс Д.Өнөрболор хамгийн их гадаад руу “зугаалдаг” нь юм байна. Тэрбээр 10 удаагийн хурлаас зургаад нь эзгүй байжээ.