УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Ганибал нар мэдээлэл хийлээ. “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийг тус намаас орон даяар зохион байгуулж буй. Орон нутагт иргэд өрийн дарамтад орсон, хүнсний бүтээгдэхүүний өртөг өндөр, цас зудтай, малын өвс, тэжээл хомс учраас байдал хүндхэн байгааг тэд ярив. Мөн шатахууны хомсдол нүүрлээд сар гаруй болсон, нэг сум өдөрт 200 литрийн хязгаартайгаар бензин олгож байна гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Чөлөөт хэвлэлийн асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХХЗХ-ны дарга болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн мэдээллийг сонслоо. Харилцаа холбооны тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөг хангах нарийн зохицуулалтууд оруулж, яаралтай горимоор өргөн барих гэж буй юм байна, үүнийг дэмжинэ. Гол нь хуулийг давсан олон журам байна, нэг сэтгүүлчийн асуудлыг шалгахдаа редакцад нь хамааруулж, бусад ажилтны болон уншигчдын эрхийг зөрчиж буйг анхаараач гэсэн саналаа гишүүд хэлсэн” гэсэн юм. Хуулийн “цоорхой”-г ашиглан хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байна хэмээн гишүүн Н.Ганибал хэлээд, үүнийг засах хэрэгтэй гэв.