УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд мэдээллийн сайтын үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн тухай Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар танилцуулга хийжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон холбогдох сайд нар мэдээлэл өглөө.
2001 онд шинэчлэн найруулж баталсан Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос домэйн нэр бүртгэх, ашиглах журам баталж, ХЗДХЯ баталгаажуулсан байдаг аж. Н.Учрал сайд “Тус хорооноос үндсэн интернэт үйлчилгээ үзүүлэгчидтэй гэрээ байгуулахдаа хуулийн дагуу үүрэгжүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1.3-т хуулийн байгууллагаас шалгаж буй тодорхой хэрэгтэй холбогдуулан прокурорын зөвшөөрлөөр зарим домэйн хаягийг хязгаарлахыг уг хороонд даалгадаг. Хууль байгаа учраас төрийн байгууллагууд түүнийгээ мөрдөх нь зүй. Зариг.мн сайтад зөвхөн Монголоос хандах эрхийг хязгаарласан, гадаад улсаас бол нэвтэрч болно. ХХЗХ бол манай яамны харьяаных биш, бие даасан байгууллага. Үүнд Засгийн газар нөлөөлөх боломжгүй. Мөн Иргэний хуулийн дагуу шалгаж буй хэрэгт бид тайлбар хийхгүй. Гагцхүү иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахын тулд дээрх хуульд нарийн зохицуулалт хийж, ойрын үед УИХ-д өргөн барих нь зөв гэж үзлээ” гэсэн юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ дахь намын бүлгүүдэд хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар шаардлага хүргүүлж, 14 хуульд хэвлэлийн эрхэнд халдсан заалт байна гэж мэдэгдсэн аж.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Томуу, томуу төст өвчний таван түвшин байдаг. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.5 хувь нь энэ өвчнөөр өвдсөн нь хоёр дахь буюу идэвхжлийн түвшин юм. Тиймээс хичээл амраах, нийтийн аливаа үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл үүсээгүй. Бид уг өвчнөөс урьдчилан сэргийлж, 300 мянган хүн тун вакцин авснаа хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан зэрэг эрсдэлт бүлгийн 89 хувьд нь тарьж, хамруулсан. Цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай байгаа учраас сайдын тушаалаар төрөлжсөн томоохон эмнэлгүүдэд 575, есөн дүүрэгт 297 ор дэлгэж бэлдсэн. Эмнэлгүүдэд тасалдсан эм, тариа байхгүй, 30 хоногийн нөөцтэй” гэлээ.