Сирид болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр нэг өдрийн дотор 111 хүн амиа алдсан тухай хүний эрхийг хамгаалах “Syrian Observatory for Human Rights” байгууллагынхан мэдэгдсэнийг “Ройтерс” дамжуулав. Тус улсын Идлиб мужид армийнхан босогчдыг бүсэлж, тэдэн рүү гал нээсэн гэнэ.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн буудалцааны үеэр тэнд байсан бүх босогч амиа алдсан аж. Түүнээс гадна эрх баригчдыг эсэргүүцэн, армийг орхихыг хүссэн цэргийн 100 гаруй алба хаагчийг хөнөөсөн байж болзошгүй гэнэ. “Сирид хувьсгал эхэлснээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан эмгэнэлт явдал” хэмээн энэ талаар ажиглагчид онцлов. Идлиб мужид болсон явдлыг Францын Гадаад хэргийн яам “Ой тойнд багтамгүй аллага” хэмээн нэрлээд, Сирийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг НҮБ-д уриалжээ. АНУ ч мөн ийм мэдэгдэл хийсэн байна.
Харин Арабын орнуудын лиг Башар Асад тэргүүтэй эрх баригчид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэйг сануулав. Энэ оны гуравдугаар сард эхэлсэн эсэргүүцлийн жагсаал, үймээний дүнд нийт 5000 хүн амь насаа алдаад байна хэмээн НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах дээд комиссар мэдэгдсэн билээ. Түүнээс гадна Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын төлөө зүтгэж явсан 10 гаруй мянган цэрэг албаа орхин гэртээ харьцгааж, эсвэл гадаадад дүрвэсэн байна. Одоогийн байдлаар Идлиб муж, Хомс, Хама мужид босогчид, армийнхны хооронд мөргөлдөөн гарч, хүний амь эрсэдсээр байгаа юм.