Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордонд хоёр дах удаагаа чууллаа.
Энэ удаагийн чуулган 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.
Манай улсын хэмжээнд нийт 1000 орчим байгаль хамгаалагч ажиллаж байгаагийн 108 нь эмэгтэй. Тэдний нийгмийн байдлыг сайжруулах, хууль эрхзүй орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх хүрээнд 2022-2023 онд бүх байгаль хамгаалагчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, сургалтын хөтөлбөрийг баталж, төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж буй.
Ингэхдээ байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, цалин, урамшуулалд онцгойлон анхаарчээ. Төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг 10 болгож өөрчилснөөр байгаль хамгаалагч “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэн цалингийн хэмжээ 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 791.532 төгрөгийн үндсэн цалинтай болов.
Энэ талаар эмэгтэй байгаль хамгаалагч Г.Амаржаргал хэлэхдээ “Өнгөрсөн жилийн чуулганаар дэвшүүлсэн асуудлуудаа энэ онд дүгнэхдээ хангалттай сайн байж чадсан гэж бодож байна. Ялангуяа, өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидний ажиллах нөхцлийг сайжруулж чадсан. Учир нь байгаль хамгаалагчид 300-450 мянган төгрөгийн цалинтай байсан бол хамгийн багадаа 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай болсон. Дээрээс нь техник, тоног төхөөрөмж, бие хамгаалах хэрэгслийг хангалттай өгдөг болсон. Тухайлбал, зөрчил гаргасан хүн дээр энгэрийн камертай очих, камергүй очих хоёрт асах их ялгаа бий. Ийм байдлаар бидний ажиллах нөхцөл үнэхээр сайжирч байна. Одоо бид тэтгэврийн насны асуудлыг ярих ёстой. Байгаль хамгаалагчид өвөл, зунгүй, салхи, бороонд хээр хөдөө явж, шаардлагатай үед хээр газар хоноглох ч үе бий. Гэтэл 55-аас дээш настай хүн цастай, бороотой үед уулын мухарт ажиллах хэцүү. Иймд бид хүнд нөхцөлөөр тэтгэврийн насыг богиносгох шаардлагатай гэж үзэж байгаа” гэлээ.
Харин салбарын сайдын хувьд байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж буйг онцлон хэллээ.
Тэрбээр “Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн ахин дэвших боломж, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад салбар байгаль хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх хүртэлх бүхий л талыг хамруулсан “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж байгаа” гэв.
Мөн эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.