Ардчилсан нам сонгуулийн өмнө даргаа дахин солих гэж буй талаар “бор шувуу” нисэж эхэлжээ. Бүр хэн хэн өрсөлдөх тухай нэрсийг зарим хэвлэлээр зарлаж байна. Сонирхолтой нь, “нэр дэвшсэн” зарим хүн нь өөрөө ч энэ тухай мэдээгүй яваа гэнэ. Хоёр жил гаруйн турш талцаж, хагаралдсан уг намынхан өнгөрсөн нэгдүгээр сард Л.Гантөмөрийг даргаараа сонгосон юм. Тэрбээр үндэсний бодлогын хорооны гишүүдийнхээ 51.8 хувийн саналыг авч, АН-ынхан нэг дээвэр дороо орсон. г шийдвэрээ их хурлаараа баталгаажуулсан юм.
Олон фракцтай, хэд хэдэн намын нэгдэлд суурилсан учраас тус намын аливаа албан тушаалд хэн нэгэн үнэмлэхүй олонхын саналаар сонгогдох боломж байхгүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, гомдогчид үргэлж байдаг. Тиймээс л түүнийг даргаар сонгосонтой зэрэгцээд огцруулах, солих, өөрчлөх сонирхол хэсэг хүнд байсан, ийм яриа үе үе гарсаар 10 сар улирав. Одоо ч өнөөх л горилогчид, эрх мэдэл булаацалдагсад дээрх мэдээллийг түгээж буй бололтой.
Дотоод зөрчлөө хэвлэлээр дэвэргээд байх нь АН-ынханд бүгдэд нь халтай. АН унавал Х.Баттулга ч, Ц.Элбэгдорж нь ч, С.Эрдэнэ ч унана. Гудамжинд гарчихвал булаацалдаад байгаа эрх мэдэл нь ч үнэ цэнгүй болно. Тиймээс улс төрийн том зорилгодоо төвлөрч, нэгдэж ажиллах учиртай юм.
Л.ГАНТӨМӨРИЙГ ОГЦРУУЛАХ ЯМАР “БОЛОМЖ” БАЙНА ВЭ
Ямар тохиолдолд намын даргаа огцруулах тухай тус намын дүрэмд тодорхой заажээ. Парламентын сонгуульд олонх болж чадаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргаагүй бол намын дарга нь ажлаа өгөх ёстой. Энэ зарчим улс төрийн бүх намын дүрэмд байдаг. Харин С.Эрдэнэ дарга байхдаа Ерөнхийлөгчийнхөөс бусад шатны сонгуульд намаа ялагдуулсан атал дүрмээ мөрдөлгүй, албан тушаалтайгаа зууралдсанаас болж АН-ынхан хоёр хуваагдсан түүх бий. Мөн намын дарга өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар, аливаа гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх дүрэмтэй аж. Сонгууль болоогүй, бас Л.Гантөмөр “бөөн юм” болж сонгогдсон албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхгүй. Түүнд эрүүл мэндийн шалтгаан ч байхгүй. Тэгэхээр тус намын дүрмийн хүрээнд даргынх нь суудал ганхахгүй хэвээр байгаа аж.
Гэхдээ Дотоод сонгуулийн хороо нь санхүүгийн болон намын дүрэм зөрчсөнийг тогтоосон, эсвэл ҮБХ-ны нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь түүнийг чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзвэл энэ асуудлыг их хуралдаа өргөн мэдүүлж, хэлэлцүүлж болдог юм байна. Ингээд их хурлаас нь огцруулж, хариуцлага тооцох саналыг дэмжвэл “унагах” нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тус намын ҮБХ 400 гаруй гишүүнтэй. Тэдний гуравны нэгийн саналыг цуглуулаад, их хуралдаа оруулах, тэр нь бүх гишүүнээ бүрдүүлж, хуралдах гэсээр байтал сонгуультай нүүр тулна. Тэгэхээр дүрмийнх нь энэ зохицуулалт ч “үлгэр” шиг уншигдаж байгаа юм. Дүрмийн ч, цаг хугацааны хувьд ч Л.Гантөмөрийг огцруулах гарц үлдсэнгүй.
МӨНХИЙН ЗӨРЧИЛ
Ардчилсан намд эдүгээ МоАХ-ны Х.Баттулга, “Шонхор”-ын С.Эрдэнэ, “Нэг ардчилал”-ын Ц.Элбэгдорж гэсэн гурван гол хүн үндсэн “тоглолт” хийж буй. Хэн нь илүү эрх мэдэлтэй болох тухай фракцын удирдагчдын тохиролцоо, толхилцоо бол мөнхийн зүйл. АН-ын 15 дэд даргын тал хувьд болон нийслэлийн АН-ын даргын албан тушаалд МоАХ угшилтай хүмүүс сонгогдсон. Мөн энэ долоо хоногт АН-ын дарга олон сарын турш гацсан генсекийн томилгоогоо хийв. Гэхдээ тэрбээр энэ томилгооныхоо талаар ҮБХ-ны хуралд танилцуулж, тэндээс албажуулах учиртай юм. Уг албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Э.Одбаярыг мөн л Х.Баттулгын хүн гэсэн мэдээлэл гарч байна. Уг нь ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Л.Гантөмөр өөрийн хүнээ томилуулна гэсэн тохиролцоо хийсэн байсан ч фракцуудын шахалтаар хэн хүчтэй нь дийлсэн бололтой юм. Нөгөө талаар Э.Одбаяр олон даргад нүүртэй хүн ч байж мэдэх нь. Түүнийг С.Эрдэнэ дарга байхдаа Хэрэг эрхлэх газрынхаа, Л.Гантөмөр ажлын албаны даргаараа, одоо генсекээр томилоод байна. Залилангийн хэргээр шалгуулж байсан гэх энэ залууг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсонд жирийн гишүүд нь дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. ҮБХ-ны гишүүд ийм нэр цэвэр бус хүнд “гал тогоо”-ны гол ажлаа хариуцуулахгүй болов уу гэсэн найдлага тавьж буйгаа тэд сошиалд илэрхийлжээ. Сонгууль хаяанд ирсэн үед илүү чадварлаг, нэр цэвэр залуусаасаа томилохгүй бол намынх нь рейтинг улам л унана гэсэн шүүмжлэл ч байна. Гэвч фракцын тохиролцооны үр дүн нь л энэ биз ээ.
ТОМРУУЛДАГ ШИЛ
Өнгөрсөн 10 сарын хугацаанд АН олонхын саналаар бүх шатны намын хорооныхоо даргыг тодруулах сонгуулиа амжилттай хийлээ. Дүүрэг, хороо, аймаг, нийслэлийн удирдлагаа сонгож, эзэнтэй, цэгцтэй болгоод буй нь үнэн. Ирэх сонгуульд оролцох стратеги, чиг шугамаа ч тодорхойлсон. Гэвч энэ бүхэнтэй зэрэгцээд намын дарга болох мөрөөдөлтэй хүмүүсийн жагсаалт Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Я.Санжмятав, Г.Баярсайхан гээд үргэлжилж байна. Уг жагсаалтад байгаа зарим хүн ийм яриа, тохиролцоо огт хийгээгүй хэмээн үгүйсгэж буй юм. Тэгэхээр Н.Алтанхуягаас эхлээд тулхтай, магадлалтай байж болох хүмүүсийн нэрийг хавчуулж, мэдээллээ цацжээ гэсэн хардлага ч төрүүлж байна.
Нэг хэсэг нь эрх мэдэл, албан тушаалд очиход нөгөө нь сэтгэл дундуур үлддэг жишгээр АН ийнхүү дотооддоо олон өөр байр суурь, зөрчилтэй амьдарч байна. Анхнаасаа зөрчил, талцлаа ил хуваалцдаг уламжлалтай учраас энэ намын маргааныг олон нийт түлхүү анзаардаг. Тэр хэрээр олонхын биш, хэсэг хүний өөр байр суурь, гомдол, санал, магад мөрөөдлийг илүү томруулж харагдуулдаг нь нууц биш. Сонгууль дөхсөн энэ үед өрсөлдөгч МАН-ынхан ч тэдний хэрүүл, талцлыг дэвэргэхдээ баяртай байх болно. МАН-д ч асуудал их. Гэхдээ тэд дотоод зөрчлөө олон нийтэд дэлгэлгүй нууж чаддагаараа давуу талтай. Олон жилийн түүхтэй намын туршлага, эв нэгдэл, эсвэл “дэгтэй” байдал нь тэдний хамгаалалт болдог биз. Дотоод зөрчлөө хэвлэлээр дэвэргээд байх нь АН-ынханд бүгдэд нь халтай. АН унавал Х.Баттулга ч, Ц.Элбэгдорж нь ч, С.Эрдэнэ ч унана. Гудамжинд гарчихвал булаацалдаад байгаа эрх мэдэл нь ч үнэ цэнгүй болно. Тиймээс улс төрийн том зорилгодоо төвлөрч, нэгдэж ажиллах учиртай юм.
АН-ынхан засгийн эрх барьсан цөөхөн жилдээ чамлахааргүй ажил хийснийг шууд үгүйсгэх хүн гарахгүй байх. Тиймээс ирэх сонгуулиар олонх болдоггүй юм гэхэд өнөөдрийнхөө төлөөллийг ахиулж, хүчтэй сөрөг хүчин, дуу хоолой болж ажиллаасай гэсэн хүлээлт олон нийтэд бий. Бас МАН-тай өрсөлдөх хэмжээний ганц нам учраас ийнхүү итгэл хүлээлгэж, дэмжихэд бэлэн байгаа юм. Үүнийг мэдрэх, нэгдэж ажиллах нь тус намынхны үүрэг болчихоод байна. Монголын улс төрд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Сүүлийн хоёр сонгууль дараалан нэг нам үнэмлэхүй олонх болж, эрх мэдэл төвлөрөн, ардчиллын мөн чанар алдагдах эрсдэл үүсээд буй, үүнийг засах, зөв голдиролд нь оруулах үүргийг хүссэн ч, хүсээгүй ч Ардчилсан намынхан үүрэх ёстой. Харин тэд албан тушаалаа булаацалдан дотроо талцаад байвал ирэх сонгуульд өрсөлдөж ч амжихгүй ялагдах нөхцөл үүснэ. Дотоод зөрчилдөө бүдэрнэ. Хэрэв нэг нам гурав дахь удаагаа үнэмлэхүй олонх болчихвол улс оронд, иргэн бидний амьдралд ч сөрөг нөлөөтэй, ардчилсан тогтолцоонд бодит аюул нүүрлэнэ. Тийм учраас л шаардлага тавиад буй юм. Үүргээ ухамсарла, жижиг эрх ашгаа хойш тавь, АН-ынхаан.