ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ) төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнууд байнга л авлигын хэрэгт холбогддог. Тус төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн ажилтан С.Батгэрэлд холбогдох зохион байгуулалттайгаар бүлэглэн удаа дараа их хэмжээний хахууль авсан хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод байна. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нөөс шалгаж эхлэн, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “Нисдэг машин” худалдааны төвд байрлах АТҮТ-ийн салбарт шалгалт хийж, нотлох баримтууд бэхжүүлэн авч байсныг зарим уншигч санаж буй. С.Батгэрэлийн ажиллаж байсан тасгийнхан мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг Автотээврийн, Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хамтран 2010 онд баталсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулдаг.
Гэтэл тэрбээр эл хууль, журмыг зөрчин хахууль авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлж үнэмлэх олгуулдаг, тэнцээгүй жолооч нарыг дахин шалгалтад оруулалгүй мэргэшсэн жолооч болгодог байсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Түүнтэй хамт Э.Тэмүүжин, Г.Золжаргал, Б.Одончимэг, Д.Цэнд, Э.Ганцэцэг, Э.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Амаржаргал, А.Саулетхан, М.Айболат, Б.Бөххүү, Б.Ууганбаяр, Б.Эвсанаа, Б.Эрдэнэ-Очир, Э.Соёл-Эрдэнэ, Т.Эрдэнэсүх, Б.Ундармалсувд нарыг яллагдагчаар тооцсон. Тэдний зургаа нь С.Батгэрэлийн найз, хамт ажиллаж байсан хүмүүс бөгөөд тэднээр дамжуулан хахууль авч байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоод буй аж. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-3 дахь хэсгийн зохион байгуулалттайгаар бүлэг байгуулан хахууль авсан, 22.5-1, 22.5-2 дахь хэсгийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус шүүх нэр дурдсан 18 хүнд холбогдох хэргийг энэ сарын 30-нд хэлэлцэхээр товложээ.