Засгийн газар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийдлээр Хэнтий аймагт болсон, болоогүй баахан “цементэн овоолго” босгож, улсын төсвийн өчнөөн тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Түүхэн хүмүүс аж төрж, чухал үйл явдлууд өрнөж байсан газруудад байгуулсан тэдгээр хөшөөт цогцолбороос аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний хэмжээнд үнэлэгдэж, дотоод, гадаадын аялагчдын урсгалд нөлөөлөхүйц өөрчлөлт авчирсан нь нэгээхэн ч үгүй. Харин ч үр дүнгүй ажил, үрэлгэн зардлын жишээ болж буй. Тэгвэл Монгол орны хоймор нутаг болсон Хөвсгөл аймагт ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор ирэх жилүүдэд ийм ажлууд хийж, цогцолбор нэртэй цементүүд босгох нь тодорхой болоод байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг харсан ч, Хөвсгөл нуурын эрэг дагуу 30-хан км авто зам тавих гэж сүүлийн гурван жил гаруйн хугацаанд мунгинаж байгаагаас үзэхэд ч энэ санаачилга бүтэлтэй үр дүн дагуулах, эсэх нь тун эргэлзээтэй. Тэр тусмаа нуурын эрэгдэх байгалийн хад бүхий өвөрмөц тогтоцтой газарт барилга, байгууламж барьсан туршлага бидэнд үгүй билээ.
Хөвсгөл аймаг 2024 онд 447.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн ажил эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд шаардлагатай зардлын 134.8 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан байна. Тэдгээрийн дунд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой хоёр ч цогцолборын ажил багтжээ. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 1.5 тэрбум төгрөгөөр “Хүслийн хад” цогцолбор барихаар төлөвлөсөн бол Мөрөнд байгуулаад буй “Соёмбо” цогцолборыг нэмж тохижуулахад 5.1 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Эдгээр ажлыг ирэх онд багтаан дуусгахаар санхүүжилтийг нь бүрэн шийдвэрлэжээ.
Тус аймаг аялал жуулчлалын тулгуур бүс болох зорилтын хүрээнд Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндийд жуулчдад зориулан 2021 онд тохижилтын ажлууд хийсэн байдаг. Хөвсгөлчүүд үүнийгээ аялал жуулчлалын цогцолбор гэдэг ч бодит байдал нь ингэж нэрлэхэд “хүнддэхээр” санагддаг юм. Дэлхийн уртраг, өргөргийн огтлолцлын цэг болсон уг хэсэгт хашаа татаж, жим гарган, сандал, сүүдрэвч байршуулж, аргаль, хүрэн баавгай, шувууны хөшөө босгоод, аялал жуулчлалын “50:100” цогцолбор гээд нэрлэчихсэн. Гурав орчим тэрбум төгрөгөөр байгуулсан гэхэд дэндүү болхи, хэврэг, үзэмжгүй ажил хийсэн нь нүднээ илт байдаг. Мөн Мөрөн сумаас холгүй орших Дулаанхан уулын өвөрт мэдээлэл, сурталчилгаа, худалдаа, үйлчилгээний цогц төв бүхий аялал жуулчлалын “Соёмбо” цогцолбор барина гэж гурван жил орчмын хугацаанд мунгинасаар 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулсан. Соёмбо тэмдгийн хөшөөг оройдоо залсан, кафе, кофе шоп, мэдээллийн төв бүхий уг газар нь аялал жуулчлалын цогцолбор гэхээсээ илүү орон нутгийн иргэд амарч зугаалах, салхилах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн шиг л харагддаг. Эдгээр газрыг жуулчид зорьж очих нь ховор гэдгийг ч нутгийн иргэд хэлдэг юм билээ. Тэгвэл ирэх онд байгуулахаар зэхэж буй “Хүслийн хад” үүний нэгэн адил ашигггүй, үр дүнгүй ажил болж магадгүй нь. Манай улс сүүлийн жилүүдэд цогцолбор байгуулах нэрийдлээр энд тэндгүй халтар хултар хөшөө босгож, эзгүй талд цементэн суурь, шат барьдаг моод дэлгэрүүлсэн. Хөвсгөлчүүд ч энэ жишгээс хазайхгүй болов уу.
Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос дотогшоо түрж байршсан хадан хошууг нутгийн иргэд Сомо сарьдаг гэдэг бол монголчууд Хүслийн хад хэмээх нэрээр нь сайн мэддэг. Далай ээжийн үзэсгэлэнт төрхийг нуурын зүүн эрэг дэх өвөрмөц байршлаас тольдон харуулах зорилгоор тийшээ завиар жуулчид тээвэрлэж эхэлсэн үеэс эл хадыг хүсэл биелүүлэх онцгой увдис, энергитэй гэсэн мэдээлэл иргэдийн дунд тархсан гэж үздэг юм билээ. Хоймор нутагт очсон жуулчдын олонх нь энэ сүсэг бишрэлээс болж уг хадыг зорьдог бөгөөд хүслээ шивнэн, ажил үйлсээ даатгадаг уламжлалтай. Тэгвэл “Хүслийн хад” цогцолборыг өвөрмөц тогтоц бүхий уг газрын төв цэгт байгуулахаар төлөвлөжээ. Төслийн товч танилцуулгад нь “Хадны энергийн төв хэсэгт нар зөв тойрсон бэлгэ тэмдэгт эргүүлгээр аялагчид тойрон явж, хүслийн хүрд буюу 12 жилээр хүрээлэгдсэн бумбад хүрнэ” гэж бичсэнээс үзэхэд тухайн бүсэд бас л баахан амьтны хөшөө босгох бололтой дог. Зарим нь “Хүслийн хад онцгой энерги, шидтэй гэдгийг шинжлэх ухааны үүднээс тогтоогоогүй. Нутгийн иргэд тэнд чулуун овоо байгуулснаас мухар сүсэг дэлгэрсэн” хэмээн ярьдаг. Гэсэн ч монголчууд үүнийг ямар нэг шидтэй гэж итгэдэгтээ хадны орой хэсэгт идээ будаа “овоолж”, мөнгөн дэвсгэрт тавьдаг. Хэр олон жуулчин тэнд очно, тэр хэрээр хог хаягдал үүсэж, байгаль хамгаалагчдад ажил нэмдэг. Магадгүй бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс тэнд аялал жуулчлалын цогцолбор байгуулах санаачилгыг дэмжсэн нь Хүслийн хад орчмыг цэгцлэх зорилготой байж болох ч нөгөөтээгүүр, мухар сүсгийг өөгшүүлж, түгээн дэлгэрүүлэх уршигтай шийдвэр гэж харагдаж байна.
Хөвсгөл бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн бүс нутаг. Тиймээс ч Засгийн газар Хөвсгөл нуурт түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлээд буй. Эко аялал жуулчлалын онцлог нь байгальд түшиглэдэг. Байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтцод суурилсан аялал жуулчлалыг хүрээлэн буй орчинд халгүй хэлбэрээр хөгжүүлэхийг гол бодлогоо болгодог. Өөрөөр хэлбэл, байгалийг унаган төрхөөр нь эргэлтэд оруулахыг хэлдэг юм. Харин хөвсгөлчүүд үүнийг хөшөө цогцолбор байгуулах гэж ойлгодог бололтой. Энэ нь Засгийн газрын аялал жуулчлалыг төрөлжүүлэн, бүсчлэн хөгжүүлэх зорилт, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Хөвсгөл нуурыг хамгаалах хөтөлбөрийн үндсэн зорилготой эрс зөрчилдөж байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд БОАЖ-ын сайд тус аймагт ажиллаад ирлээ. Үүний дараа “Хөвсгөлийг эко аялал жуулчлалын жишиг бүс болгоно” гэсэн гарчигтай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Гэтэл энэ бүхний цаана “цементэн овоолго” босгох ажлуудыг л төлөвлөж байгаа нь харамсалтай. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг харсан ч, Хөвсгөл нуурын эрэг дагуу 30-хан км авто зам тавих гэж сүүлийн гурван жил гаруйн хугацаанд мунгинаж байгаагаас үзэхэд ч энэ санаачилга бүтэлтэй үр дүн дагуулах, эсэх нь тун эргэлзээтэй. Тэр тусмаа нуурын эрэг дэх байгалийн хад бүхий өвөрмөц тогтоцтой газарт барилга, байгууламж барьсан туршлага бидэнд үгүй билээ. Ер нь жуулчид Хөвсгөлийг зорихдоо “Хөшөө цогцолбор харъя гэж очдог бил үү, байгалийн сайхныг тольдохоор зорьдог уу” гэдгийг ч ул суурьтай бодолцох хэрэгтэй.
Аялал жуулчлалыг дэмжих зорилготой цогцолбор шинээр байгуулах, тохижуулах ажилд долоо орчим тэрбум төгрөг хуваарилсан нь тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд сонгууль угтсан “тоглолт” хийх, тойргоо услах санхүүжилт босгох далд зорилготой гэж хардах хүн ч мэр сэр бий. Эдгээр ажлыг сонгуулийн жилд багтаан хийхээр төлөвлөж, санхүүжилтийг нь бүрэн шийдүүлсэн нь ийм сэрдлэг дагуулж байгаа. Мөн Дулаанхан уулын өвөрт байгуулсан “Соёмбо” аялал жуулчлалын цогцолборыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар санаачилж, эхний шатны ажлынх нь хөрөнгө санхүүжилтийг шийдүүлсэн юм билээ. Харин энэ удаа тус цогцолборыг цэцэрлэгт хүрээлэнтэй болгож өргөжүүлэх, дугуйн зам тавих зэрэг ажилд эхний удаагийнхаас хоёр дахин их төсөв хуваарилуулсан нь дээрх хардлагыг улам лавшруулж буй юм. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг баталсны дараа тэрбээр “Хөвсгөл далайг зорин ирж буй гадаад, дотоодын жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох үүднээс “Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолбор, “Соёмбо” цогцолбор хүртэлх дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтыг ирэх онд ашиглалтад оруулна. Төсөвт тусгасан төсөл, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд аймаг, орон нутгийн удирдлагууд хариуцлагатай хандаж, хяналт тавих шаардлагатай” хэмээн өөриймссөнөөс энэ ажилд “онцгой” санаа тавьж байгаа нь харагдана. Эко аялал жуулчлал бүтээн байгуулалт нэртэй цементэн байгууламжид тулгуурладаггүйг түүнд нэг сайн тайлбарлаж, ойлгуулах сан. Хөвсгөлд хөшөө цогцолбор дутаагүй.
Бэлтгэсэн: Н.Мишээл