Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 4 сартайгаас 12 нас хүртэлх 17 хүүхэд цагийн тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус хүүхдүүдийн бие дахин муудсан гэх мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээлэлд дурдсан шиг хүүхдүүдийн бие байдал дордсон асуудал гараагүй. Нэг хүүхдийг нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэхээр Эх нялхасын төвд шилжүүлсэн. Бусад хүүхдийн тухай эрүүл мэндийн байдал сайжирч, өнөөдрөөс эмнэлгээс гарч байна гэж байна. Энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.