ONDO үүрэн холбооны компанийн гүйцэтгэх захирал Б.Мандуул, Хууль, эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа, Стратеги хариуцсан захирал Б.Баттүшиг нар “Олуулаа болъё” хэмээх уриан дор мэдээлэл хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрт 260 мянган идэвхтэй хэрэглэгчдэд хүрч амжсан ONDO компанийнхан өөрсдийн хийсэн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ бусдаас ялгардаг.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар компанийг үүсгэн байгуулагч таван захирал ONDO-гийн нийт хувьцааны 30 хүртэлх хувийг үнэнч хэрэглэгчдээ бэлэглэхээр шийдсэнээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд ONDO-гийн дата, нэгж авахад л автоматаар хувьцаа эзэмшигч болно. Мөн өнгөрсөн хоёр жилд уг компаниас үйлчилгээ авсан хэрэглэгч ч дээрх үнэ цэн, ашгийг хүртэх эрхтэй. Хамтын өмчит компанийн захирлууд энэхүү сайн жишгийнхээ талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Хууль, эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа энэ талаар “Аливаа компани амжилттай яваагийн ард хэрэглэгч байдаг. Тиймээс олуулаа үнэ цэнийг хүртэж байж, Монгол Улс урагшилна. Өөрөөр хэлбэл, ONDO урагшлахад хэрэглэгч хамт үнэ цэн бүтээнэ. Дагаад Монголын эдийн засаг хамт өснө” хэмээн мэдээллийн эхэнд тодотгосон юм.
Хэрэглэгч үйлчилгээгээ аваад ONDO-гийн ашгаас хүртэх энэхүү боломж нь Монголд анхны бөгөөд цоо шинэ үйлчилгээ юм. Товчхондоо, ONDO.mn рүү орж нэгж, дата худалдаж аваад л эхний 100 мянган хэрэглэгчийн нэг болж, хувьцаатай болох боломж нээлттэй. Улмаар нийт төлсөн төлбөртэйгөө дүйцэхүйц үнийн дүнтэй хувьцааг бэлэг болгон авах нь ээ. Өөрөөр хэлбэл, мөнгөө төлж хангалттай үйлчилгээгээ авна. Дээр нь нэмж, ONDO-гийн хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Цаашдаа ч үйл ажиллагааныхаа явцыг харж, хувьцаа эзэмшигчдийн тоог өсгөхөөр төлөвлөсөн байна.
Орон нутгийн хэрэглэгч хэзээ сүлжээ орох вэ гэсэн асуултад тэд "Орон нутаг төдий Ховд, Дорнод, Сэлэнгэд та сүлжээ ороогүй газарт бусад үүрэн холбооны сүлжээгээр дамжиж, ONDO-гийн хэрэглэгч ONDO хэрэглэгч рүү залгаж болно. Бусад дэлхийн улс орнуудад байгаа хэрэглэгч ч ялгаагүй. Гэтэл бусад үүрэн холбооны операторууд тэр дундаа Мобиком, Юнител, Жи мобайл, Скайтел компани харилцан холболт хийхгүй байгаа. Уг нь дундын холболт хийх нь олон улсын зарчим юм. Үүнийг Монгол Улсад хуульчилсан байдаг. Харин Мобиком, Юнител, Жи мобайл, Скайтел хууль зөрчсөн, биелүүлээгүй. Тиймээс шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр ONDO компанийн талд гарсан. Өнөөдөр зах зээлд хамгийн хурдан, хамгийн хямд интернэт үйлчилгээ ONDO-гийнх. Тиймээс 260 000 иргэн ONDO-г сонгон хэрэглэж буй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа ч учраас бид албадан хэрэгжүүлж, өгөөч хэмээн дахиад шүүхэд хандсан байна. Мөн үүнд дэмжлэг үзүүлэх ёстой Харилцаа холбооны зохицуулах хороо өнөөдрийг хүртэл таг чиг байна" хэмээн хариулсан.
ONDO уг нь оператор компани. Хэрвээ харилцан холболтоо хийчихвэл ONDO-гийхон Мобиком, Юнител, Жи мобайл, Скайтелын хэрэглэгчтэй харилцан ярьж, мессеж бичих юм. Гэтэл дээрх монопол газрууд шинэ үүрэн холбооны компанийг газар авхуулахгүй, ийн шахаж буй гэнэ. Үүнтэй тэмцэх ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хорооныхон үүргээ гүйцэтгэж байгаа, эсэх нь эргэлзээтэй байгааг хэвлэлийн бага хурлын үеэр тэд онцолсон юм. Тиймээс ONDO-гийнхон ONDO-гийн үйлчилгээг сонгож, олуулаа болж, шударга бус зүйлтэй тэмцээч ээ хэмээн уриаллаа.
ONDO-гийнхон энэхүү бэлгийг өгч буй талаараа тайлбарлахдаа:
Монголчууд бид шударга ёсыг эрхэмлэн дээдлэх үзэл санааны доор нэгдэж, үндсэн хуулиа баталсан. Гэтэл бодит байдал дээр энэ үзэл санаанаасаа улам алсарч, нэг хүн, нэг компани, бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдэлдэг нийгмийг бүтээжээ. Энэ эрх ашгаа хамгаалахын тулд шударга ёсыг дордуулж, зах зээл дээрх өрсөлдөөнийг боомилсоор байна. Монгол хүн өмчтэй болж, өмчөө хамгаалдаг, өмчийнхөө төлөө тэмцдэг болж байж, тэрхүү тэмцэл нь шударга ёсыг авч ирэх бөгөөд эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг нь болох учиртай.
Тэгвэл ONDO-гийнхон өмчийн эздийг олон болгох шийдэл, тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна. Өмчтэй иргэд олон болсноор давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн сүлжээг тасалж, Монгол залуус хамтдаа эдийн засгийг хөгжүүлж чаддаг, өмчийнхөө эзэн болж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байна.
Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай байсаар байна. Ялангуяа, экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Эдийн засгийг солонгоруулах тухай бид олон жил ярьж ирсэн боловч солонгорч чадаагүй л байна. Эдийн засгийг солонгоруулж чадах салбар юу байж болох вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарсан. Далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд зарим талаар хүндрэлтэй манай улсын хувьд орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийд далайцтай гарч ирж болох салбар бол технологи юм. Технологийн хөгжлийн тусламжтайгаар дэлхий ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.
Энэ өөрчлөлттэй бид хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ
Монголын баялгийг бид зөвхөн газар доорх баялгаар төсөөлж болохгүй. Хамгийн үнэ цэнтэй баялаг бол Монгол хүний оюун ухаан түүгээр бүтээгдэх бүтээл юм. Хэрэв бид эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж чадвал Монгол хүний оюун ухааны бүтээлийг дэлхийд түгээх юм.
Цахиурын хөндийн өндөр бүтээмжтэй байдаг нэг гол шалтгаан нь бүх хүнийг компанийнхаа эзэн нь болгож чаддагт оршдог. Өөрөөр хэлбэл та нэг газар ажилд орсон л бол тэр компанийн хувьцаа эзэмшигч, эзэн нь болно гэсэн үг. Ингэснээр бүгдээрээ адилхан хүсэл мөрөөдөлтэй, адилхан зорилготой, адилхан итгэл үнэмшилтэй болж багаараа амжилтад хүрдэг. ONDO-гийн тухайд үүнтэй адилхан зарчмыг баримталдаг. Гэхдээ энэ удаад бүүр олон хүнд өөрсдийн хүсэл мөрөөдлийг хүргэе гэж зорьсон. Судалгаанаас харахад дэлхийн томоохон технологийн компаниуд компанийнхаа өгөөжийн дийлэнх хэсгийг хамт олон, ажилтнууддаа өгдөг байна. Энэ нь өөрөө сайн жишиг. Харин ONDO-гийн хувьд энэ сайн жишиг дээр үндэслээд компанийнхаа үнэ цэнээс хэрэглэгчидтэйгээ хуваалцдаг хамтын өмчит эдийн засгийн тогтолцоог нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм. Дэлхий дахин энэ хамтын өмчит буюу тухайн баялаг үнэ цэнийг бүтээхэд оролцогч тал бүхэн хувь хүртдэг хамтын өмчит эдийн засаг гэдэг ойлголт руу шилжиж эхлээд байна. Монгол улс энэ жишгээс багагүй хоцорсон. Тиймээс Монголд бизнесийн соёлыг дараагийн шатанд гаргах, дэлхийн түвшинд хөл нийлүүлэхийн тулд хамтын өмчит эдийн засаг бүхий ONDO компанийг бүтээж байгаа ажээ.