Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пер Августссон, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга София Беркист Хатсоныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайдаар томилогдсон ноён Пер Августссонд баяр хүргээд Швед Хаант Улсын парламент, Лундын их сургууль болон Раул Валленбергийн хүрээлэн нь Хүний эрхийн Үндэсний Комисст дэмжлэг үзүүлж ирсэнд Комиссын дарга Ж.Хунан талархал илэрхийллээ.
Элчин сайд Пер Августссон Монгол Улсад хүний эрхийн баталгааг хангахад ХЭҮК чухал үүрэг гүйцэтгэж, бодлогын томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гаргаж байгааг сайшаан, НҮБ болон олон улсын байгууллагын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Улмаар ХЭҮК-ын туршлагаас хуваалцаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Комисст уламжлав.
Уулзалтаар Монгол, Швед улсад ажиллаж, суралцаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд нягт хамтарч ажиллах, цаашлаад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд тусгасан иргэдийн аюулгүй орчинд амьдарх эрхийн чиглэлээр баталсан УИХ-ын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүрэлцээтэй хүргэхэд анхаарах, асуудал, жендэрт суурилсан хүчирхийлэл, ЛГБТ хүний эрх болон олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагаас шүүх эрх мэдэлд үзүүлж буй нөлөөлөл, Хүний эрх хамгаалагч, Хүний мэдээлэл хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.