Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулсан цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан суралцагчдын эрх зөрчигдсөн тухай гомдлыг нэр бүхий иргэнээс ХЭҮК-т гаргасан. Уг гомдлын мөрөөр Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг тус сургуулийн Сургалт, дадлагын төвд 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн юм.
Тухайлбал,
1. Салаан дарга, салааны орлогч нарыг бусадтай харилцах харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх хандлага, ёс зүйн төлөвшил зэрэг шалгуурыг харгалзан үзэх. Мэргэжлийн сэтгэл зүйчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн томилох, цэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалт эхлэхийн өмнө тусгайлсан зааварчилгаа, сургалтыг зохион байгуулах
2. Цэргийн дүрмийн бус, хүнлэг бус хэрцгий харьцаа, нэр төрийг нь доромжилсон харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, эс үйлдэхүй гаргалгүйгээр цэргийн анхан шатны сургалт эхлэхээс дуусах хугацаанд дотоод хяналт шалгалыг тогтмол зохион байгуулах, суралцагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлын талаарх тодорхойлолт, дүгнэлтийг сургалт эхлэхээс өмнө мэргэжлийн эмч, сэтгэл зүйчийн дүгнэлтээр баталгаажуулах, сургалтын явцад өөрчлөлт гарсан, зөрчил илэрсэн бол холбогдох хууль, журамд заасан үндэслэл журмын дагуу тухай бүр арга хэмжээ авах, хариуцлага тооцох
3. Сургалтын төвд цэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалтын үеэр ажиллах сэтгэлзүйчийн орон тоог нэмэгдүүлэх
4. Суралцагчдын хувийн хэрэгслийн жагсаалтад хувийн ариун цэвэр сахих, хувцас угаах зориулалттай хувин, савыг тусгах, хангалтын гутал, хөл холгохоос урьдчилан сэргийлэх хувийн бэлтгэлийн талаар танилцуулах, цаашид цэргийн бэлтгэл хийхэд тохиромжгүй, доторгүй, хатуу ширэн гутлыг сольж, стандарт хангасан гутлаар хангах
5. Хээрийн сургалт дууссаны дараа онлайн платформ ашиглаж, хувь хүнийг тодорхойлох мэдээлэл авалгүйгээр тухайн сургалтын явцад тулгарсан бэрхшээл, сайжруулах асуудлын талаар судалгаа авч, түүний мөрөөр арга хэмжээ авч шийдвэрлэх
6. Бусдын үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах, аливаа мэдээллийг шалгахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэх
7. Монгол Улсын ИХ хурлын 2022 оны 49 дүгээр тогтоолд заасан цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг даалгасан Комиссын гишүүний зөвлөмжийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн удирдлагад хүргүүлсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгт” гэж заасан бөгөөд зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг 30 хоногт багтаан хүргүүлэх хуулийн заалттай.
Энэ хүрээнд тус сургуулиас Комиссын гишүүний зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүллээ.
Зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтэд
1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлаг дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сул орон тоо гарсан тохиолдолд тухай бүр сонгон шалгаруулалтыг Их сургуулийн цахим хуудсаар дамжуулан зохион байгуулж байгаа.
2. Бүрэлдэхүүн сургуулийн дамжааны захирагч-багшийн сул орон тоонд албан тушаалд томилох албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа сахилга, ёс зүйн төлөвшил, харилцааны ур чадвар зэрэг шалгуурыг харгалзан, сэтгэл зүйн тусгай шалгалт нэмэлтээр авахаар төлөвлөсөн.
3. Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад нэгдүгээр дамжууны түрүүч, дэд түрүүч нараар нэр дэвшигээс цэргийн мэдлэг, харилцааны ур чадвар, сахилга ёс зүй, сэтгэл зүйг тусгай шалгалт авч, томилох тухай үүрэг чиглэлийг Их сургуулийн захирал чиглэл өгсөн.
4. 2023-2024 оны хичээлийн жилд бакалврын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа суралцагч нэр бүрд эрүүл мэндийн төвийн эмч нар өндөр, жин, шарх, сорви, шивээс, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлын шинжилгээ хийсаэн. Улмаар урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эрүүл мэндээр тэнцсэн суралцагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан. Сургалтын төвийн хугацаанд эрүүл мэндийн төвийн 2 их эмч, 2 сувилагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тогтмол үзүүлсэн. Улмаар бүтэн биеийн үзлэгийг долоо хоног бүр хийсэн.
5. Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Сургалтын хөгжлийн төвийн сэтгэд зүйчдээс цагдаа, хилийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэлий алба, Шинжлэн магадлахуйн институтийн нэгдүгээр дамжааны сонсогчдод сэтгэл зүйн сургалт судалгааны ажлыг долоо хоногийн дөрвөн өдөр зохион байгуулахаар хичээлийн төлөвлөгөөнд тусгасан.
6. Хагас түрийт гутлын материал болон загварын судалгааг Хангалт, үйлчилгээний газрын 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллаж байна.
7. Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн сургалтын төвийн чингэлэг сууцны тоог нэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
8. Хувийн ариун цэвэр сахих орчны хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
9. Их сургуулийн албан хаагч, сонсогчид цэргийн дүрмийн бус харилцаа үүсгэхгүй, сахилга ёс зүйг баримтлан ажиллах талаарх зөвлөмжийг тухай бүр хүргүүлсэн зэргээр Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа талаар дурджээ.