Ардчилсан намынхан “4-11” ээлжит мэдээллийн цагаараа өчигдөр хоёр сэдвээр байр сууриа илэрхийлэв. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дэх хүний эрх зөрчсөн дэглэлт, хууль бус үйлдлээс болж цэргүүд амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал давтагдсаар байхад Засгийн газраас тодорхой арга хэмжээ авахгүй байгааг тэд шүүмжилж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан юм. ХЭҮК-ын удаа дараагийн тайланд цэргийн ангид хүний эрхийн зөрчил гарч буйг сануулсан ч өөрчлөлт гарахгүй байна гэв. Батлан хамгаалахын сайд цэргийн ангид дэглэлт байхгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ долоо хоногт хугацаат цэргийн нэг алба хаагч Цэргийн төв эмнэлэгт бие нь хүнд байдалтай хүргүүлж ирсэн, тэрбээр дэглүүлж, зодуулснаа ярьсан нь сайдын мэдэгдэл худал гэдгийг дахин баталсан байна. АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр “Тушаал гаргаад сайд нараа томилох, чөлөөлөх бүрэн эрх мэдэл нь Ерөнхий сайдад бий.
Гэтэл Батлан хамгаалахын сайддаа арга хэмжээ авахгүй байна. Мөн түгжрэлийн, спортын зэрэг ямар ч шаардлагагүй сайдын орон тоог цөөлөх ёстой. Цэргийн ангийг шорон шиг байлгаж, буутай цэргээр мануулах учиргүй. УИХ-ын зарим гишүүн амьдрах чадвар сайтай учраас эмэгтэйчүүдээ цэрэгт явуулъя гэж ярьж байна. Украин шиг байдал үүсвэл эмэгтэйчүүдийнхээ даашинзны хормой дор нуугдах нь. Ийм байж болохгүй” гэв. Иргэд, орон нутагт түшиглэсэн хамтын батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлэх, цэргийн ангид техник, технологи эзэмших, англи хэл сурах зэргээр орчин цагт шаардлагатай боловсрол олгох зэргээр концепцын өөрчлөлт хийх шийдлийг АН-аас санал болгож буй юм байна.
Мөн Засгийн газрын уржигдрын хуралдаанаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн найруулж, авлигын дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Афганистан, Бангладеш, Камерун, Кени, Уганда, Малайз, Зимбабве, Албани, Украин зэрэг дэлхийн 22 оронд авлигын дагнасан шүүх бий. Бид ийм шүүх байгуулснаар авлига буурсан, эсэхийг 2015 онд судалж, үнэлгээ гаргаж байсан. Үр дүнд нь эдгээр оронд авлига буураагүй, харин улс төрийн өрсөлдөгчөө намнах зорилготой тогтолцоо л бий болсон.
Манай Үндсэн хуульд зөвхөн эрүүгийн, иргэний, захиргааны төрлөөр шүүх байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Үндсэн хуулиараа авлигын дагнасан шүүх байгуулах хориотой. Тиймээс ийм шүүх байгуулах хүртэл авлигын гэмт хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдэж, эрх мэдлийг Дээд шүүхэд буюу Ерөнхийлөгчид төвлөрүүлэх оролдлого хийж байна. Шүүх байгуулах хүртэл 2-3 жил шаардлагатай. Тэгэхээр сонгуулиас өмнө амжиж өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хүмүүсийг авлигатай тэмцэх нэрийн дор яллах нь. Дээд шүүхэд авлигын хэргийг төвлөрүүлэх замаар Ерөнхийлөгч эрх мэдлийн алхыг атгаж, өрсөлдөгчдөө “хадах”, хурдтай ажилладаг, богино хонгил үүсгэх гэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.