Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч амиа алдсантай холбоотойгоор тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл хийх, хүний эрхийг хангах тухай хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ сэдвээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын бодлыг асуусан бичлэгийг уншигч та бүхэн олж үзсэн байх. Эрхэм гишүүн энгийн асуултад хариулж чадахгүй ээрч, хэдэн секунд гацсанаа “Харамсаж байна, эмгэнээд ярьж чадахгүй нь” гэв. Салбарт нь хүний эрх ноцтой зөрчигдөж байхад арга хэмжээ авч чадахгүй, үгүйсгэж суугаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах нь зөв үү гэж асуухад ээрч, түгдрэн “Би гадаад яваад үүрээр ирсэн, мэдээлэл хангалтгүй учир энэ асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн юм. Энгийн л асуулт. Гэвч гурван жил гаруйн хугацаанд парламентад ажиллаж буй атлаа хариулж чадахгүй түгдчих гишүүн. Энэ бол аливаад байр сууриа зоригтой илэрхийлчих зориггүй, эсвэл эрхгүй, намынхаа бодлогод “дөнгөлүүлсэн” эмэгтэй гишүүдийн дүр төрх.
Манай парламентын гишүүдийн 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй. Тэдний ес нь МАН, хоёр нь АН-ын төлөөлөл юм. МАН үнэмлэхүй олонх болсон сүүлийн хоёр парламентад яг адилхан 13 эмэгтэй сонгогдсон ч дуу хоолой нь маш бүдэг, намынхаа шийдвэрийг аялдан дагалдсан байдалтай л цаг хугацааг өнгөрүүлж байна. Уг нь эмэгтэйчүүд хүчтэй, зоригтой, бас нам харгалзалгүйгээр баг болж ажиллавал нийгэмд үр өгөөжтэй олон хууль батлуулж, зөв шийдвэр гаргуулж чаддагийг харуулсан туршлага УИХ-ын түүхэнд бий. Гэвч одоогийн 13-аас ийм оролцоо, манлайлал хүлээгээд нэмэр алга.
ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ЗАЛНА
Дуучин Г.Эрдэнэтунгалаг саяхан нэгэн сошиал нэвтрүүлэгт оролцсон юм. Энэ үеэр тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн түүхээсээ хуваалцав. Тэрбээр мөн оны тавдугаар сарын сүүлчээр Дорнод аймагт тоглолтоо хийгээд явж байж. Матад сумд өглөө сэрээд утсаа нээтэл “Таныг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гарсан” гэсэн зурвас ирсэн байж гэнэ. Гайхалтай хоолойтой энэ дуучин бүсгүйг танихгүй монгол хүн цөөн. Гэвч улс төрд бол тэр шинэ хүн. Дээрх “цочир” мэдээг хүлээж авахаасаа өмнө буюу 2015 онд тэрбээр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны АН-ын дэд даргаар сонгогдож, зургаан сар ажилласан туршлагатай байжээ. Бас Ардчилсан намтай хэдэн жилийн өмнөөс холбогдож, сонгуулиар ч хамтран ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр улс төрийн талаар огт мэдэхгүй гэж хэлж болохгүй аж. Юутай ч энэ тухай сонсоод нийслэл хотыг зорьж, намын даргатайгаа уулзсан байна.
“Таныг ачаалал дааж ажиллах чадвартай хүн гэдгийг хийсэн ажлуудаас чинь харсан. Гэхдээ шийдвэрээ та өөрөө гарга, татгалзаж болно” гэжээ. Тэрбээр саналыг нь бодож үзээд, “Зохиолын дуучин эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байхад би яагаад чаддаггүй юм гэсэн ташуур, сэдлийг залууст өгье. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх ёстой” гэсэн хоёр шалтгаанаар хүлээж авчээ. Энэ тухай тэрбээр “Сонгуулийн хуулиар нийт нэр дэвшигчийн 20 хувь буюу 16 нь эмэгтэй байх ёстой байлаа. Гэтэл дарга нар наймаагаа хийж байхдаа энэ тоог бүрдүүлэхээ мартаж орхиж. Ингээд нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлэх болтол 5-6 эмэгтэй дутсан юм билээ” хэмээн ярьсан. Мөн “Эрчүүд нэр дэвших эрх олж авахын тулд хэдэн зуун сая төгрөг зарцуулж байхад би унтаад сэрэхдээ л энэ “виз”-ийг авчихсан байсан нь хувь заяа шүү” хэмээн хошигносон.
Квотыг бүрдүүлэх тооны эмэгтэйчүүдээ бэлдээгүй, эсвэл нэг тойрогт олуулаа “алалцаж” байгаад цаг нь тулахад тохиролцоонд хүрээгүй гэх мэт шалтгаанаар зарим хүнд санаандгүй явахад нь хүрд эргүүлэх боломж олдож, заримыг нь сайн лам олдохгүй бол буцахдаа залдаг дээрхийн адил жишээ бүх л намд тохиолддог нь нууц биш. Мөн Сонгуулийн тухай хуулийг голдуу арванхоёрдугаар сард, сонгуулийн жил эхлэхээс өмнө амжиж өөрчилдөг жишигтэй учраас боловсон хүчнээ бэлтгэх, тохиролцоогоо эцэслэх хугацаа бага гардаг байсан болов уу. Харин энэ удаа дээрх хуулийг санал хураах өдрөөс бараг жилийн өмнө өөрчилж баталсан тул бэлтгэлээ базаах хангалттай хугацаа улс төрийн намууд, түүний удирдлагад олдож буй юм.
“АЙМХАЙ ТУУЛАЙ”-НУУДЫН ТООГ НЭМЭХ ВИЙ
Ирэх онд болох парламентын сонгуулийг бид холимог тогтолцоогоор зохион байгуулж, 78 хүнийг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар, нийт 126 гишүүн сонгоно. Мөн Сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар квот тусгаж, намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар болсон. Тиймээс 100 хувийн ирцээр нэр дэвшүүлэх нам, эвслийн хувьд жагсаалтаар 24, тойрогт 14, нийт 38 эмэгтэй “сойно” гэсэн үг.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх ёстойг бид бүгд ойлгодог болсон. Хүйсийн харьцаа тэнцвэртэй байгаа газраас амьдралд ойр, зөв шийдвэр гардаг, энэ нь улс орны хөгжлийн суурь болж буйг олон ч судалгаа харуулж байна. Холимог тогтолцооны өөрчлөлт, квотын ачаар ирэх парламентад жагсаалтын 24 эмэгтэй автоматаар сонгогдоно. Үүн дээр нэмээд тойрогт өрсөлдөх эмэгтэйчүүдийн тодорхой хувь нь ялах биз ээ. Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийд дунджаар 26.5, Ази тивд 21 хувь байна. Ирэх оны сонгуулийн дараа манай улс тивийн үзүүлэлтээ даваад, дэлхийн дунджид хүрэх нь. Ингэснээр 2015 онд НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго”-д тусгасан амлалтаа ч хэрэгжүүлэх өөдрөг төсөөлөл харагдаж буй юм. Гэхдээ үүнийг цаашид 50 хувь хүргэх шаардлага бий. Хүн амын тал хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийг улс төрд, тэр тусмаа парламентад илүү олноор нь дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад анхаарсаар байх ёстой. Гэвч сонголт хийхэд учир бий.
Долоон жилийн өмнөхийг бодвол эмэгтэй улс төрчдийн нөөц хангалттай болсон. Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд ч шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэхийн тулд ажилласаар, бүсгүйчүүдээ бэлдсээр буй. Сонгуулийн хуульд 30 хувийн квот оруулж батлуулах үед тэд “Эмэгтэй боловсон хүчин хангалттай бий” хэмээн бардам хариулсан. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэх чиглэлээр олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс энэ удаа дээрх жишээ шиг хүн дутмагц ойр хавьд нь байсан хэнийг ч хамаагүй “чихэж”, тоо бөглөх байдлаар эмэгтэй нэр дэвшигчээ тодруулж болохгүй. Намууд тойрогт илүү чадварлаг, туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдээ сойхоор төлөвлөж байгаа. Энэ тухайгаа ч ил тод хэлж буй юм. Гэхдээ намын жагсаалтад ч өндөр шалгууртайгаар багтаах учиртай юм.
Парламентын сонгуулийг бид найман удаа хийгээд үзчихсэн. 2012 оноос хойш эмэгтэйчүүдэд нэр дэвшүүлэх квот олгож, хэнийг, хэрхэн дэвшүүлэх, ямар давуу, сул тал гардгийг мэдэж, хангалттай туршлага хуримтлуулаад буй. Тиймээс нэр дэвшигч 38 эмэгтэйд тавих шалгуурыг өндөрсгөх цаг болжээ. Хэрэв тойрогтоо анхаарч, жагсаалтад тоо бөглөх байдлаар хайнга хандвал сүүлийн хоёр парламентын эмэгтэйчүүд шиг л эрчүүдийнхээ араас цухуйж чаддаггүй “шинэ бүлэг” өргөжнө. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхдээ зөвхөн төгссөн сургууль, эрдмийн зэрэг, гадаад хэлний мэдлэгийг биш, ёс зүй, төлөвшлийг нь ч харах учиртай. Учир нь ёс зүйн шалгуурт тэнцэхгүй эмэгтэйчүүд ч парламентын босгыг намын нэрээр даваад орчихсон жишээ бий. Мөн зөвхөн боловсрол, чадвар улс төрд манлайлал үзүүлэхэд хангалтгүй гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд харав. Үүний нэг жишээ бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. Тэр залуу, боловсролтой эмэгтэй. Тиймээс ч 2020 оны сонгуулиар олон хүн дэмжсэнээр УИХ-ын гишүүн болсон.
Харамсалтай нь, энэ бүсгүй ялгарч ажиллаж, өндөр боловсролынхоо хэргийг харуулж, манлайлж чадахгүй байна. Нэг салбарын сайд болсон нь манлайлж байна гэсэн үг биш юм. Түүний хариуцсан салбарт асуудал байсаар, шүүмжлэл дагуулсаар байгаа юм. Эхэнд дурдсан Д.Өнөрболор гишүүн ч боловсролтой нэгэн. Гэвч 100 жилийн түүхтэй, хуучинсаг намынхандаа тэд уусаад, бүдгэрэв. МАН-аас УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд хааяа нэг чуулганы хуралдаанд үг хэлдэг, ингэхдээ М.Оюунчимэгээс эхлээд түүндээ ороогдож, бурууддаг. Зарим нь харин “хэлгүй” мэт л оршиж байна. Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, хүний эрх, боловсрол, эрүүл мэнд зэрэг өөрсдөд нь илүү ойр асуудлаар ч тэд байр сууриа цаг тухайд нь илэрхийлдэггүй, хуулийн төсөл боловсруулан батлуулахын төлөө тууштай ажилладаггүй.
Нийгмээс шүүмжлээд эхэлмэгц үйл явдал дууссаных нь дараа хэвлэлийн хурал хийсэн болоод л өнгөрдөг. Тэгэхээр бүсгүйчүүдэд чадвар, боловсролоос гадна улс төрд хэрэг болох хамгийн гол зэвсэг бол эр зориг аж. Зоригтой байж намынхаа буруу бодлогыг айлгүй шүүмжилж, засаж залруулахын төлөө зүтгэх бүсгүйчүүд хэрэгтэй байна. Зориггүй хоосон чадвар улс төрд үнэ цэнгүй байх нь. Зоригтой улс төрчийн жишээ бол УИХ-ын гишүүн агсан Д.Арвин байв. Энэ эмэгтэй намынхаа сүрд дарагдаж, нэгдсэн бодлого нэрийн дор буруу булхайг нь өмөөрч явсангүй. Харин ч үгээ бичиж, бэлдэж ирээд УИХ-ын чуулган дээр хатуухан шүүмжилж орхидог байсан юм. Сөрөг хүчний хоёр бүсгүйн хувьд УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг арай дөнгүүр нь гэж болно.
2012-2016 оны парламентад 11 эмэгтэй гишүүн сонгогдсоны зургаа нь АН, хоёр нь “Шударга ёс” эвсэл, гурав нь МАН-ынх байлаа. Тэд албан бус бүлэг байгуулаад, өнөөдөр ч үр өгөөжийг нь иргэд хүртэн, талархсаар буй Тамхины хяналтын эсрэг хуулийг батлуулсан гавьяатай. Мөн маш зоригтой дуу хоолой, байр суурьтай ажиллаж чадсан юм даг. Ирэх парламентаар эмэгтэйчүүдийг, тэгэхдээ чадварлаг, зориг зүрхтэйгээр манлайлж ажиллаж чадах бүсгүйчүүдийг л олноор сонгож байж үр дүн гарна. Үгүй бол “аймхай туулай”-нуудын тоог нэмээд л дуусах вий.