Гол мөрний мөсний үзэгдлийн тоймыг гаргажээ. Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрөн, нуурын мөс хэврэг төдийлөн зузаарч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, 25-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг, Бүгсий гол болон Хөвсгөл нуурт мөсөн зах үүсэх үзэгдэл голлон ажиглагдаж байна. Дэлгэрмөрөн, Үүр голын мөсний зузаан 2022 оны мөн үеийнхээс 5-30 см ахиу харин бусад голуудын хувьд өмнөх оны мөн үеийн орчим байна. Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурт 10-45 см зузаан мөсөн бүрхүүл үүссэн бол Чулуут голын эх болон Суман, Хойттамир, Урдтамир голд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилж байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см ахиу байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Сэлбэ, Улиастай, Шарын гол, Сөгнөгөр зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-10 см нэмэгдэж, 10-30 см зузаан мөстэй болсон бол Тэрэлж, Туул, Ерөө голын эхээр мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл идэвхижиж эхэлсэн байна. Дээрх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 5-10 см бага байна. Сэлэнгэ мөрний дагууд мөсөн зах, өтгөн, шингэн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байгаа бол Орхон гол нийт уртын дагуудаа 15-35 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үеийнхээс 10-20 см ахиу зузаантай байна. Харин Орхон голын адаг буюу Сүхбаатар хот орчимд мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-40 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см-ээр нэмэгдсэн байна. Хэнтийн арын дээрх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см зузаан байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Дундцэнхэр, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудад мөсөн зах, дунд зэргийн болон өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилж байгаа бол Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Согоог, Буянт зэрэг голын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-20 см нэмэгдсэн байна. Хангай нурууны өврийн Буянт, Хүнгүй, Хожуул, Яруу, Завхан, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Таац, Зэгстэй зэрэг голуудад 10-45 см зузаан мөсөн бүрхүүл тогтож харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бол бусад голуудад тогтвортой мөсөн бүрхүүл тогтож амжаагүй мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн байдалтай байна. Увс нуурын савын Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг зэрэг голууд 10-25 см зузаан мөстэй болсон бол Чигж, Хархираа, Хариг зэрэг голууд болон Увс, Хяргас нуурт мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл давамгайлан ажиглагдаж байна.