БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өвлийн болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нэг жуулчин, нэг хонь” санаачилгыг хэрэгжүүлэхээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж байгаа талаараа мэдээлсэн. Тодруулбал, өвлийн улиралд Монголд ирсэн гадаадын иргэн бүрт нэг хонь үрчлүүлэх, бэлэглэх замаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Тэгвэл Булган аймаг эл санаачилгыг дэмжиж, нутагт нь ирсэн жуулчдад олгохоор эхний ээлжид 100 мянган хонь бэлэн болгосноо зарлалаа. Ингэснээр малчдын оролцоонд тулгуурлан орон нутгийн аялал жуулчдыг хөгжүүлээд зогсохгүй нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёлыг сурталчлан таниулах боломжтой хэмээн санаачлагчид нь тооцоолжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл