Тост, Тосон бумбын нурууны байгаль хамгаалагч Б.Армитай ярилцлаа.
-Та хэзээнээс байгаль хамгаалагчаар ажиллаж эхлэв?
-Би энэ нутагтаа 20 жил мал малласан малчин хүн. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж экологид ихээхэн өөрчлөлт гарч байгааг хараад сэтгэл өвдөж, Аргаль, янгир хамгаалах сан байгуулж байв. Түүгээрээ дамжуулж байгаль орчноо хамгаалж ирсэн. Мөн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг анх байгуулахад нь байгаль хамгаалагчаар ажилд орсон. Намайг хүүхэд ахуй байхад аргаль, янгир, хулан зээр гэрийн үүдээр малтай адил бэлчиж явдаг байлаа. Харамсалтай нь, сүүлийн 15 жилд зэрлэг амьтан илт цөөрсөн. Уул уурхайн нөлөөгөөр амьтад дайжиж, ховордсон.
-Хамгаалалтын захиргаатай болсноор зэрлэг амьтдын амьдрах орчин сайжирч байна уу?
-Сүүлийн жилүүдэд айхавтар ган болсны улмаас аргаль, янгир цөөрсөн байна. Хамгаалалтын захиргаанаас санаачлан аргаль, янгирт хөв цөөрөм байгуулах, өвс, тэжээл тавьж өгөх гэх мэт арга хэмжээ авч байгаа. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулснаар энэ нутагт амьдарч буй малчид бид давхар орлоготой, ажилтай болсны зэрэгцээ байгаль хамгаалах ажилд зүтгэж буйдаа баяртай байдаг. Бидний ажлын нөхцөлийг сайн хангаснаар уул хадаараа явж, ан амьтдаа тоолж бүртгэн, хөв цөөрөм байгуулж, өвс, тэжээл тавьж өгч, зэрлэг ан амьтдаа өсгөх ажлыг хийж байна. Цаашид Тост, Тосон бумбын нурууг байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулан, шатлал ахиулснаар хамгаалалт сайжирна. Мөн ан амьтан, ургамал эко орчиндоо унаган төрхөөрөө хамгаалагдаж, хадгалагдан үлдэх боломж бүрдэнэ.
-Энэ нутагт олон жил амьдарч, өдгөө хамгаалж буйн хувьд та Тост, Тосон бумбын нурууны онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?
-Тост, Тосон бумбын нурууны ноён оргилыг Тост хайрхан уул гэдэг. Тост хайрхан уулын өвөрт Наранбулаг гэдэг үзэсгэлэнт газар бий. Наранбулагийнх нь өвөрт цагаан зандан ургаж байсан түүхтэй. Хад асга ихтэй, хайрга чулуун бүтэцтэй, сүрлэг өндөр уулстай. Сүрлэг өндөр уулсад нь сүрэг аргаль, янгир бэлчдэг. Сүмбэр өндөр оргилуудтай, тэдгээрт нь ирвэс, цоохондой амьдардаг, говь цөлийн баян бүрдтэй, гол, горхи, булаг, шандтай. Булаг шандаас нь ундаалдаг хулан, зээрийн сүрэг хонгортон шаргалтан давхидаг, хулс зэгс дундаас нь шилүүс, цоохондой гэтэн байдаг. Хавартаа мазаалай сэмхэн айлчилдаг, өвөлдөө хавтгайн буур ирдэг ийм л сайхан нутаг шүү дээ.