Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган маргааш болно. 500 гаруй байгаль хамгаалагч уг чуулганд оролцож, мэдээлэл, туршлагаа солилцох юм байна. Үүнтэй холбогдуулан Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцлаа.
-Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар бол саяхан байгуулсан, харьцангуй “залуу” гэж болохоор тусгай хамгаалалттай бүс. Та бүхэн хэдий хэмжээний талбай хариуцан ажиллаж байна вэ?
-Тост, Тосон бумбын нуруу нь Монгол Алтайн уулсын үргэлжлэл болсон Өмнийн их говийн баруун хэсэгт оршдог, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, өвөрмөц сонин тогтоц бүхий газар. Мөн байгалийн нөөц баялаг, түүх, соёлын арвин их өв, Төв Азийн уугуул унаган, эртний гарал үүсэлтэй ховор, ховордсон, нэн ховор олон зүйл амьтантай нутаг. Энэхүү нурууг 2016 онд УИХ-ын 35 дугаар тогтоолоор, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. 2017 онд Засгийн газраас 743 058 га талбайгаар хилийн цэсийг нь тогтоосон. Тухайн үед уул уурхайн олон лицензийг цуцалсан ч нэг компанийнхыг үлдээж, Тост, Тосон бумбын нурууны өвөр энгэрт байрлах газраас өмлөж өгсөн байдаг. Харин нутгийн иргэд тэмцсэнээр уг лицензийг цуцлуулж, улмаар 2019 онд талбайн хэмжээг 53 мянган га-гаар нэмэгдүүлсэн. Ингэснээр одоо нийт 896 540 га талбайг бид хариуцан ажиллаж байна.
Тост, Тосон бумбын нуруу нь улсын тусгай хамгаалалтад байдаг Говийн их дархан газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын коридор нутаг бөгөөд дэлхийд нэн ховор, “Улаан ном”-д бүртгэсэн аргаль, янгир, цоохор ирвэс, мазаалай, хулан, хавтгай, хар сүүлт зэрэг амьтан хамгийн олноороо тогтвор суурьшилтай болон нүүдэллэн амьдардаг онцгой бүс нутаг юм. Ялангуяа дэлхийд ховордож буй цоохор ирвэсийн амьдардаг гол түшиц нутаг. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг 2020 онд байгуулсан. Улсын тусгай хамгаалалтад авснаас дөрвөн жилийн дараа захиргаа байгуулсан гэсэн үг. Одоогоор 11 орон тооны бүтэцтэйгээр бид байгаль хамгааллын менежментийн ажлаа гүйцэтгэж байна. Ажилтнуудын тав нь байгаль хамгаалагч. Тэд Тост, Тосон бумбын нуруундаа байрлаж ажилладаг. Мөн “Ирвэс хамгаалах сан” ТББ болон сум, орон нутгийнхаа байгаль хамгааллын долоон нөхөрлөлтэй хамтарч, бүс нутгийнхаа тодорхой хэсгийг хариуцуулж, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг ажиллуулдаг. Ингэснээр 896 540 га газартаа сар бүр эргүүл хийж, улирал бүр хамтарсан хяналт, шалгалт явуулж байна.
-Байгалийн нөөц газраас байгалийн цогцолборт гэсэн ангилалд шилжүүлэх саналыг та бүхэн гаргаад буй юм билээ. Байгалийн цогцолборт газар болох нь ямар давуу талтай вэ?
-Монголд байтугай дэлхийд ховордож буй зэрлэг амьтдынхаа аюулгүй амьдрах боломжийг хангахын тулд энэхүү бүс нутгаа уул уурхайн нөлөөллөөс гаргаж, ангиллаа нэг шатаар ахиулахаар санал гаргасныг сум болон аймгийн удирдлагууд дэмжсэн. Ингээд төрийн захиргааны дээд шатны байгууллагад саналаа хүргүүллээ. Байгалийн цогцолборт газар гэдэг нь дархан цаазтай газрын дараах шатлал. Хамгааллын хувьд дархан цаазтай газартай адил. Ийм шатлалд оруулснаар нэгт, хамгаалалтын дэглэм, журам сайжирна. Хоёрт, уул уурхайн нөлөөллөөс ангид байж, байгалиа унаган төрхөөр нь хамгаалж, хадгалж үлдэхэд том дэмжлэг болох юм. Хамгийн гол нь ховор ан амьтан, ургамлаа хамгаалж үлдэх маш том боломж бүрдэх юм. Иймд бидний хүсэлтийг Засгийн газраас дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Зэрлэг ан амьтдаа хэрхэн хамгаалж байна вэ. Хамгаалалтад авснаар тоо толгой нь нэмэгдсэн үү?
-Сүүлийн таван жил манай бүс нутагт цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн нөлөөллөөс болоод ган гачиг нүүрлэж, дусал ч бороо орсонгүй. Үүнээс улбаалж зэрлэг ан амьтад өвсгүй, усгүй болж, улмаар өлдөж, харангадаж хорогдсон харамсалтай тохиолдол гарсан. Хамгаалалтын захиргаа байгуулснаар нэн тэргүүнд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулж, хөв цөөрөм байгуулж, био технологийн аргаар өвөл, хавар өвс, тэжээл, зун, намар ус тогтмол тавьж өгөх болсон. Ингэснээр сүүлийн хоёр жил хорогдол гарсангүй. Мөн хамгаалалтын захиргаа байгуулснаар хяналт, шалгалт сайжирлаа. Жил бүр бид ховор ан амьтнаа тоолж, судалдаг. Жил бүрийн арваннэгдүгээр сард аргаль, янгираа тоолдог болсон. Энэ жилийн хувьд байгаль хамгаалагчид уулаараа явж, тооллогоо хийгээд дуусаж байна. Эцсийн тоогоо хараахан гаргаагүй. Өнгөрсөн онд аргаль 200, янгир 700 гаруйг бүртгэсэн.
Мөн өнгөрсөн жил хар сүүлт, зээрийн тооллогыг анх удаа хийхэд 600-650 гаруй байлаа. Цоохор ирвэс одоогоор 25-28 бүртгэгдсэн. Мазаалай баавгай баруун талаасаа тогтмол орж ирдэг боллоо. Иймд мазаалайд зориулж тэжээлийн сав болон уст цэг байгуулж байгаа. Хавтгай тэмээ харагдах болсон. Түүнчлэн сүүлийн хэдэн жил харагдаагүй цоохондой энэ нуруунд байгаа нь хяналтын камерт бичигдсэн. Ховор зүйлийн шувууд ч ирэх болсон. Энэ мэтээр амьтан, ургамлын хувьд амьдрах таатай орчныг бий болгосноор эхлээд идээшиж дасах, цаашлаад тоо толгой нь өсөх боломж бүрдэж байгаа. Хамгаалалтад авснаас хойш бид ховор ан амьтнаа бүртгэлжүүлэх, тоолох, амьдрах орчныг нь судлах зэрэг олон мэдээллийн сан бүрдүүлж байна. Түүнчлэн мэр сэр гардаг байсан хулгайн анг таслан зогсоож чадсан. Хяналтын камеруудыг байршуулснаар уст цэг, хөв цөөрөм гэх мэт газарт ирж буй ховор амьтдынхаа зураг бичлэгийг хадгалж аван, идэш тэжээл, үржил, мөн амьдрах орчны судалгаа хийдэг боллоо.