Эрсдэлийн үндэсний форумын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр илтгэлдээ “Хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон эрсдэл, бэрхшээл, сорилыг даван туулсаар ирсэн. 2021 оны зун дэлхийн хамгийн халуун зун хэмээн бүртгэгдсэн бол гурван жилийн дараа үнэмлэхүй үзүүлэлт дахин шинэчлэгдэж, дэлхийн хамгийн халуун зун 2023 оны зун боллоо. Энэ оны долдугаар сар дэлхийн хамгийн халуун сараар тэмдэглэгдсэн байна.Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа манай орны хувьд 2023 оны тавдугаар сар нь 1979 оноос хойших хамгийн их хүйтэн бөгөөд хамгийн их тунадастай сараар бүртгэгджээ. Энэ сард зүүн аймгийн нутаг дэвсгэрт зарим газраа 26-32м/с хүчтэй цасан шуурга болж, гамшгийн хэмжээнд хүрч ихээхэн хэмжээний хохирол дагууллаа. Мөн долдугаар сар нь зуны хамгийн их хур бороотой сар болж өнгөрсөн байна” гэж дурдлаа.
2023 оны зун 18 аймгийн 57 сум, нийслэлийн хэмжээнд үерийн нийтдээ 107 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.1940 оноос хойш тохиолдож байгаа хамгийн дулаахан сар нь аравдугаар сар болж өнгөрсөн. Гэтэл намрын сүүлч сард эрс хүйтэрч, ихээхэн хэмжээний цасан шуурга удаан хугацаагаар буюу 22 цаг хүртэл шуурсан нь 2016 оноос хойших анхны тохиолдол болжээ. Дэлхийн улс орнуудад учирч болзошгүй эрсдэлийг түүнээс үзүүлэх хохирлын нөлөөлөлд суурилан эрэмбэлсэн үнэлгээгээр “Байгалийн болон ус, цаг агаарын гаралтай гамшиг”-ийн эрсдэлээр хоёрдугаар байрт бичигдсэн байна.
Дэлхийн улс орнуудад учирч болзошгүй эрсдэл, түүний үзүүлэх хохирлын нөлөөлөлд суурилан эрэмбэлсэн үнэлгээгээр Байгалийн болон ус, цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл нь эхний байруудад бичигдэж байгаа аж. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас байгаль, цаг уурын нөлөөнөөс үүдэлтэй гамшгийн 50 хувийг эрт зарлаж, урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үзэж байна. Мөн 2050 он гэхэд Монгол оронд зудын эрсдэл 6 дахин нэмэгдэх эрсдэл үүсжээ.