Увс аймгийн ЗДТГ, ИТХ, байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаль дахь хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Хог бидний найз” аяныг орон нутагтаа өрнүүлжээ. Үүний хүрээнд тус аймгийн зургаан сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд сурагчид 1.4 тонн хог цуглуулж, дахивар авах цэгт тушааснаар 447 мянган төгрөгийн хуримтлалтай болсон аж. Хог хаягдлыг бууруулахад ангилан ялгах, дахин боловсруулах нь чухал гэдгийг уг арга хэмжээгээр дамжуулан сурагчдад ойлгуулжээ. Мөн шаардлагагүй хэрэглээгээ бууруулах, ашиглахгүй эд зүйлсээ бусадтай солилцох замаар хог хаягдлыг бууруулах боломжтойг орон нутгийн иргэдэд ойлгуулах зорилгоор Улаангом сумд “Холио солио” арга хэмжээ зохион байгуулжээ. Үүнд дөрвөн багийн 40 гаруй иргэн оролцож, хэрэглээнээс гарсан эд зүйлсээ солилцсон байна.