Нэн ховорт тооцогддог монгол бөхөнгийн тоо энэ оны байдлаар 15 540-д хүрч нэмэгдэн, сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрчээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан судалгаа хийсний үндсэн дээр тоотолгойг нь тогтоосон аж. 2001-2002 онд зуд болсноос улбаалан уг амьтан олноор хорогджээ. Улмаар 2003 оны тооллогоор 750 орчим л үлдсэнийг судалгаагаар тогтоож байсан аж. Үүний дараа хамгаалах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлснээр 2014 онд буюу 11 жилийн дараа тоо нь 14 600-д хүрч өсжээ. Харамсалтай нь, 2016-2017 онд бөхөнгийн тархац нутгуудад бог малын мялзан өвчин дэгдсэнээр дахиад олноороо хорогдоход хүрсэн юм. Ингэснээр2018 оны тооллогоор 3391 бөхөн үлдсэнийг тогтоосон байдаг. Харин таван жилийн дараа ийнхүү дөрөв дахин өслөө. Түүнчлэн сүүлийн таван жилд монгол бөхөн агнасан тохиолдол бүртгэгдээгүй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч