Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан аж.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургадугаар сарын дунд үеэр нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу байсан. Долдугаар сарын 20-ны байдлаар ялимгүй сайжирч 60 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнөд бүс нутгийн зарим хэсгээр зуны турш гандуу, гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд ихээхэн хэтэрч гарсан байна.
Энэ намрын цас арваннэгдүгээр сарын эхээр орсон бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар 5-20 см, зарим газраар түүнээс дээш зузаантай цасан бүрхүүл тогтоод байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд их (9% нэн их, 45% их), 40-өөд хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд бага эрсдэлтэй гэж гарлаа.
Энэ зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсон төвийн болон зүүн бүс нутгаар мөн эрсдэл ихтэй гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхлээд байна. Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, цастай нутгаар эрс хүйтэрсэн, өвс тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.