Монгол, Оросын байгаль орчны байгууллагууд хоёр орны хил дамнасан бүсэд аргаль хонины тооллого, судалгаа хийгээд 2444 бодгаль байгааг тогтоожээ. Хил орчмын газар нутгийг хариуцсан хамгаалалтын захиргаад “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж, ховор амьтны тоо толгойн тогтвортой өсөлтийг хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Үүнийхээ хүрээнд талууд энэ удаа Монголын Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын А, Б хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн нутаг дэвсгэрт тогтоосон маршрутын дагуу судалгаагаа зэрэг эхлүүлж, амжилттай дуусгажээ. Судлаачид тооллогын явцад хил орчмын 111 цэгээс дээж авч, аргалийн тархац, байршил, тоо толгойг тогтоосон байна. Манай талаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалах нөхөрлөлүүд үүнд оролцжээ.