Нийслэлд урд шөнө орсон цас өнөөдөр лавсан орж, шуурга шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Улмаар нийслэлд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, -4…-6 градус хүйтэн байх нь ээ.
Түүнчлэн баруун аймгуудаар өчигдөр цасаар шуурч замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдан, цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Иймд зам, даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, эрсдэл үүсэх тул шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
2023 оны арваннэгдүгээр сарын 16- 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна.