Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 21 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, 35 иргэний амь насыг авран хамгаалж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсэх, өтгөн зайр гүйх, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэл идэвхжиж мөсний зузаан 10-25 см болсон. Гэвч олон жилийн дундаж болон 2022 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.
Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин болон зам даваа гүвээ хаагдаж болзошгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.