БНАСАУ-ын арми ойрын зайд үйлчлэх пуужин туршсан тухай БНСУ-ын “Ренхап” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжид мэдээлснээр Умард Солонгосын өмнөд эргээс далай руу уг пуужингаар харвасан байна. Тус улсын удирдагч Ким Чен Ир нас барсныг албан ёсоор мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа пуужинг туршсан гэнэ.
Үүний зэрэгцээ БНСУ Солонгосын хойгт ямар нэгэн мөргөлдөөн, зөрчил гарахаас болгоомжлон хилийн харуул хамгаалалтаа чангатган, цэргүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн билээ. Түүнээс гадна БНАСАУын ард түмэн Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэн, түүний араас гашуудаж байна.
Гартаа улаан далбаа, ажлын багаж хэрэгсэл барьсан мянга мянган хүн гудамж талбайд сөхрөн сууж, нулимс унагаж байгаа тухай гаднын хэвлэлүүдэд онцолжээ.
Х.ОД