14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -2...+3 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
2023 оны арваннэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
Хүчтэй цасан болон шороон шуурганы дараа ямар арга хэмжээ авах вэ?
- Цаг агаарын шинэчилсэн мэдээллийг тогтмол сонсох
- Гэр бүл, ойр дотны хүмүүс, ялангуяа хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах, тэдэнд туслах
- Хүүхдийг аюул, ослын дараах эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцуулахгүй байх шаардлагатай.