УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын ирэх оны улсын төсвийг эцэслэн батлав. Ингэснээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8, зарлага 27.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэж байна. Төсвийн холбогдох хуулиудыг хэлэлцэх явцдаа УИХ-ын гишүүд зардлыг 200, орлогыг 565 тэрбум төгрөгөөр өсгөн баталсан нь энэ. Нэмж орлого олж чадна хэмээн дахин “өөдрөг”-өөр төсөөлсөн учир төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2.1-ээс хоёр болон буурчээ. Орлого олох эх үүсвэрийг нэмсэнийг нь сайшаах уу, алдагдлыг 0.1 хувиар бууруулсныг нь магтах уу. Парламентын “гавьяа” нэг иймэрхүү л байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл “Түүхэнд хамгийн том төсөв баталж байна. Гоё нэртэй хөрөнгө оруулалтууд нь дараа жилийн валютын ханшийг өдөөж, урсгал зардлыг өсгөдөг. Эх үүсвэр, орлогоо өндрөөр төсөөлж, дэлхийн зах зээлийн эсрэг явж байна. Энэ бүгд нийлсээр төр өөртөө эрх мэдэл цуглуулсан ч ханадаггүй “мангас” мэт болох нь. Том төсөв баталлаа гээд ажлын байр бий болдоггүй, халамж буурдаггүй, харин авлига, хулгай гаардаг шүү” хэмээн сануулна лээ.
“ОЮУТОЛГОЙ”-ГООС 760.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО “ХУРААНА”
Тэгвэл нөгөө талд нь төсөв боловсруулсан Сангийн яамныхан байр сууриа хамгаалах нь мэдээж. Тэд “Төсвийг хуулийн хүрээнд боловсруулсан, зураг төсөвгүй, төлөвлөлтгүй нэг ч төслийг санхүүжүүлээгүй” хэмээн мэдэгджээ. Мөн ирэх оны төсвийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хөгжил дагасан бүтээн байгуулалтуудыг идэвхжүүлэх замаар эдийн засгийн суурийг тэлэх бодлого баримталсан” хэмээн тодорхойлсон байна. Мөн эдийн засгийн өсөлт ирэх онд долоо, ДНБ 74 их наяд төгрөгт хүрнэ хэмээн тооцоод буй юм. Тэд “Уул уурхайн бүтээгдэхүүн, түүнийг дагасан тээвэр ложистик, худалдааны салбар болон экспортын орлого өсөж, төлбөрийн тэнцэл сайжирна. Гадаад валютын албан нөөц өссөнөөр ханш тогтворжих учраас макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлж, төсвийн орлого нэмэгдэнэ” хэмээн тооцсон аж.
Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсныг онцолно лээ. Тиймээс эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөг төсөвлөсөн гэсэн юм. Ирэх онд “Оюутолгой”- гоос 760.5 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцсон гэнэ. Энэ мэтээр хэдэн “саалийн үнээ”- гээ сааж, улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг нь бичигдээгүй дүрэм билээ.
САНГИЙН САЙД 4.5, ХНХ-ЫН САЙД 3.9 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах мөнгөний хэмжээнээс сонирхъё. Аливаа улсын Сангийн сайдад төсвөөс захиран зарцуулах эрх илүү ногддог жишиг байдаг. Тиймээс Б.Жавхлан сайдын багцад 4.5 их наяд төгрөг ногдож буй юм. Өнгөрсөн онд тэрбээр 4.1 их наяд төгрөгийн төсөвтэй байсан аж. Үүнээс нэг их наяд гаруй төгрөгийг “энд тэндхийн” зээлийн хүүгийн төлбөрт төлнө хэмээн тооцсон байна. Мөн ирэх онд сонгуулийн жил тохиож буй учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн багц багагүй өсжээ. Тэрбээр 3.9 их наяд төгрөг зарцуулах эрхтэй. Үүний дийлэнх буюу 3.8 их наяд нь урсгал, 280 гаруй тэрбум төгрөг нь хөрөнгийн зарцуулалт байх нь. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ. Тиймээс түүний төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн багцад 1.6, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын багцад 1.3 их наяд төгрөг хуваарилжээ. Ирэх онд Ерөнхий сайд 340, Шадар сайд 291, УИХ-ын дарга 132 тэрбум төгрөг тус тус захиран зарцуулах эрх эдлэх нь.
Улс төрийн намуудыг бүртгэснээс хойших бүх үйл явцыг хянах үүрэг хүлээсэн Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны даргын багцад 639 тэрбум төгрөг хуваарилжээ. СЕХ намуудын алхам бүрийг шахам хянах үүрэгтэй болсон учир бүтэц, бүрэлдэхүүнээ өргөтгөхөөс эхлээд тодорхой өөрчлөлт хийж буй. Тэгвэл энэ нь сонгуулийн бус буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй гурав дахин их мөнгө байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та хүснэгтээс харж болно.
ХЭНТИЙД ИЛҮҮГ ӨГЧ, ӨМНӨГОВИОС АХИУГ АВНА
Улсын төсвөөс орон нутгуудад тодорхой мөнгөн дэмжлэг хуваарилж, “боломжтой” аймгуудаас татаас авдаг. Энэ ёсоор ирэх онд 15 аймагт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Эдгээрээс хамгийн их төсвийг буюу 39.2 тэрбум төгрөгийг Хэнтий аймагт хуваарилсан бол Булган, Сүхбаатар аймагт 11 гаруй, хамгийн бага төсвийг гурван сумтай, хүн ам хамгийн цөөтэй аймаг болох Говьсүмбэрт 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох аж. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын сонгогдсон аймаг болох Хэнтий хэзээнээсээ л төсөвт давуу эрх эдэлсээр ирсэн нь нууц биш. Энэ түүхийг ирэх оны төсөвт ч давтсан байх нь.
Тэгвэл нийслэл хотоос гадна зургаан аймаг өөрийгөө тэжээхээс гадна улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Эдгээрээс манай эдийн засгийн орлогын голыг бүрдүүлдэг томоохон ордууд байрлаж буй Өмнөговь аймаг хамгийн их ачаалал хүлээж байна. Тэд төсөвт 719.8 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Мөн Дундговь аймаг 651.2, Орхон 179.9, нийслэл хот 230.2 тэрбум төгрөг “өгөх” болсон байна. Сэлэнгэ аймаг хамгийн бага буюу 1.3 тэрбум төгрөг улсад тушаах бол Дорноговь 2.9, Дорнод 9.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Нийт 413.5 тэрбум төгрөгийг орон нутагт санхүүгийн дэмжлэг болгон олгох бол зөрүүлээд дээрх зургаан аймаг болон нийслэл хотоос нэг их наяд 144 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ хэмээн тооцжээ.
Ийнхүү ирэх оны улсын төсвийг УИХ хуулийн хугацаандаа амжин баталлаа. Төсвийн холбогдох хуулиудыг парламент арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах үүрэгтэй байдаг. Орж ирээгүй мөнгийг олно хэмээн хэт өөдрөгөөр төсөөлөөд, дараа нь хамраараа шороо хатгах вий гэсэн эдийн засагчдын сануулгыг парламентын гишүүд үл тоон, төсвийг танах биш, харин ч “таргалуулж” баталлаа. Орлогын эх үүсвэрээ нэмсэн нь сайн хэрэг хэдий ч энэ нь бас л “төсөөллийнх”. Сонгууль болох гэж буй учраас эрх баригчид УИХ, Засгийн газрын гишүүн гэж ялгалгүй, тойргийнхондоо сайн хүн болж харагдахаар төсөв хуваарилуулах оролдлого хийсээр ийм үр дүнд хүрэв бололтой. Сангийн яамныхан гишүүдийн гаргасан “дур зоргоороо” саналаас шүүж, зураг төсөв, тооцоотойг нь л санхүүжүүлсэн хэмээн тайлбарлаж буй ч бодит байдалд хэрхэх нь ирэх онд харагдана. Сонгуулиас хоёр сарын өмнө цалин, тэтгэвэр, халамжаа төлөвлөсөн ёсоор нэмж, бөөндөө хэсэг баярлана. Гэвч сонгуулийн дараа өөдрөг төсвийн гор цухуйх вий. Ер нь ирэх онд ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж, улсын минь орлого өсөөсэй хэмээн бүгдээрээ залбирч байхад гэмгүй биз ээ.