УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай холбогдох хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг парламент батлах учиртай. Хэлэлцүүлэг ном журмын дагуу үргэлжилж буй ч сөрөг хүчнээс гадна эрх баригчид буюу парламент, Засгийн газар нь хоорондоо бага зэрэг “толхилцоод” байна.
Лхагва гаргийн үдээс хойших хуралдаанаар дээрх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсвийн болон Төрийн хэмнэлтийн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, санал хураах нь надад ёс зүйн хувьд хүнд байна. Хууль зөрчсөн зүйл батлахаар сүүлд нь асуудал үүснэ. Тиймээс энэ санал хураалтад би оролцох боломжгүй. Л.Мөнхбаатар дарга аа, та хурал удирдчих” гээд гараад явчихсан юм. Хууль зөрчсөн саналаа байнгын хорооны хуралдаанаараа зас гэж хэлсэн ч тэрбээр “Би үхэхээр чи үх” хэмээн дэд даргыгаа хууль бус санал хураалт явуулахаар үлдээгээд, өөрөө уснаас цэвэр гарсан хэрэг.
С.БЯМБАЦОГТ САЙДЫН “ЛОББИ”
УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс төсвийн төслийн хэлэлцүүлгийн шатанд олонхын дэмжлэг авсан саналууд хуульд заасан шаардлагыг хангасан, эсэхэд дүгнэлт гаргадаг. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд улсын ирэх оны орлогыг 25.2, зарлагыг 27.3 их наяд төгрөг байхаар тусгасан. Шаардлагагүй олон зардал тусгасныг танах ёстой хэмээн сөрөг хүчин, зарим эдийн засагч ч шүүмжилж буй. Гэвч хэлэлцүүлгийн явцад гишүүд зардлыг танах биш, улам нэмэх саналыг л дэмжжээ. Төсвийн байнгын хороогоор дээрх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед орлого нэмэгдүүлэх болон урсгал зардлыг бууруулах тус бүр хоёр санал л дэмжлэг авсан байна. Харин урсгал зардлыг нэмэгдүүлэх 13, хөрөнгийн зардлыг өөрчлөх долоон багц болон зарчмын бусад санал гаргасан. Эдгээрийн дагуу төсвийн орлого 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.85, төсвийн зарлага 27.36 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай болж өөрчлөгдөх аж.
Уг саналуудаас 227.5 тэрбум төгрөгөөр санхүүжих 86 төсөл, арга хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 29.3.5 дахь “Шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилснаас багагүй байхаар тооцоолох” гэсэн зарчимд нийцэхгүй байгааг Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу чуулганы уржигдрын хуралдаанд танилцуулсан юм. Тиймээс л УИХ-ын дарга уурссан байх нь. Тэрбээр “Ховд аймагт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмсэн байна. Тус аймгийн сум, багуудад ногоон байгууламж бүхий орчны тохижилт хийхэд зориулж гурван тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Цагдаагиийн газрын барилгад нь 8.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн санал олон байна. Зөрчих юм бол ийм хууль байх хэрэгтэй юү” гээд хууль зөрчсөн санал хураалтад оролцоогүй. Ховд аймгаас С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Л.Адьшаа гэсэн гурван гишүүн парламентад сонгогдсон. Тэдний хоёр нь сөрөг хүчний төлөөлөл учраас Зам тээвэр, хөгжлийн сайдын “давхар дээл”-ээ С.Бямбацогт гишүүн гайгүй сайн ашиглаж, сонгогдсон тойрогтоо 10 гаруй тэрбум төгрөгийн төсөв нэмүүлэх “лобби” хийжээ гэж л харагдаж байгаа юм.
“ЯАДАГ Ч БАЙСАН НЭМНЭ”
Ирэх онд сонгууль болно. Тиймээс төсвийн зардлыг танах, бууруулах сонирхол гишүүдэд, ялангуяа эрх баригч намынханд алга. УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн хуралдаанаар ирэх онд ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхээр санал нэгдсэн. Мөн төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, нийгмийн халамжийн асаргааны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг тус тус ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад буй. Үүнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан байнгын хороонд хийсэн танилцуулгадаа дурджээ. Түүнчлэн төр нийгмийн даатгалын шимтгэлийг малчдад 50, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэдэд 100 хувь хөнгөлөхөөр зохицуулсан. Малчид нь хүсээгүй ч МАН-ынхан нийгмийн даатгалын чинь 50 хувийг заавал төлнө хэмээн зөрүүдэлсэн билээ. Энэ бол үнэндээ ард түмнээ ялгаварласан, шаардлагагүй зардал.
Мэдээж төсөвт тусгасан нэмэгдлийг бүгдийг нь буруутгаж болохгүй. Тухайлбал, хүүхэд хамгааллын төсвийг 80 хувиар нэмж, 14.3 тэрбум болгох нь зөв. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад 21 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэнтэй харьцуулахад энэ нь харин ч хангалтгүй юм. Гэвч зарим нэмэгдэл нь яалт ч үгүй “сонгуульд зориулсан” гэж хардахад хүргээд байна. Цалин, тэтгэвэр нэмэхэд иргэд дуртай байлгүй яах вэ. Үнэхээр л ард иргэдийнхээ амьдрал, ахуйд санаа зовсон бол өмнөх гурван жилд буюу сонгуулийн бус цаг үеийн төсөвт эдгээр нэмэгдлээ тусган шийдэх боломж тэдэнд байсан. Мөн цалин, тэтгэвэр нэмснээр инфляц өсөөд өнөөх нь “цаас” болж хувирна, эсрэгээр өөр олон дарамт бидэнд учрах эрсдэл бий.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2023 онд улсын төсвийг өмнөх оныхоос 34, 2024 онд дахин 31 хувиар тэлж, зарлагыг гурван сарын өмнө баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээс таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүмжилж буй. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Төсвийн зарлага гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, ирэх онд 27 их наяд төгрөгт хүрэх нь. Улсын төсвийг бүхэлд нь сонгууль руу чиглүүлж байна. Ядуурлын түвшин нэмэгдэж буй ч үүнийг халамжаар шийдсэн улс дэлхийд байхгүй” гэсэн юм. Гэвч сонгуулийн жилийн төсвөөс энэ төрлийн зардлыг хасахыг эрх баригчид хүсэхгүй, тэгж чадах ч үгүй биз ээ. Тиймээс “Яадаг ч байсан цалин, тэтгэвэр, халамжийг нэмнэ” хэмээн зөрүүдэлж буй аж. Үнэмлэхүй олонх буюу нэг намын 62 гишүүний эсрэг АН-ын 11 болон С.Ганбаатар, Т.Доржханд нар шүүмжлэхээс өөрөөр юу ч хийж чадахгүй нь.
Дээрх “том” бодлогоо эрх баригчид дагах нь мэдээж. Гэвч Төрийн хэмнэлтийн болон Төсвийн тухай хуулийн зарим заалтыг илт зөрчсөн төсөв батлах учиргүй. УИХ-ын даргын хувьд хууль зөрчсөн саналыг нүдээ аниад баталж бас чадахгүй учир “зөөлөн” шүүмжлээд, өөрийгөө цэвэрхэн аваад гарлаа. Нөгөө талаар тэрбээр НӨАТ-ын буцаан олгох хувийг тав болгох санаачилга гаргаж, petition.parliament.mn цахим системээр дамжуулан иргэдээс санал авсан. Үндсэн хууль, Улсын их хурлын, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, Нийтийн сонсголын, Хууль тогтоомжийн зэрэг хэд хэдэн хуулиар иргэд засгийн эрх барихад оролцож, саналаа өгөх эрхийн талаар тусгасан байдаг. Үүний дагуу санал авахад 100 мянган хүн дэмжиж, парламентаар хэлэлцүүлэх гэтэл гишүүд нь ч дэмжээгүй. Сангийн сайд Б.Жавхлан спикерийн “гоё” санаачилгыг эсэргүүцэж, хэрэгжүүлэх боломжгүй гэсэн билээ. Энэ мэтээр УИХ-ын дарга Засгийн газартай жаахан түнжин муутай, “гомдсон” маягтай яваад буй.
Юутай ч Тамгын газрынх нь Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс ажиллаж, нөлөө муутай ч сөрөг хүчний 10 гаруй хүний 20 гаруй нүд хараад сууж байгаа учир ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой хууль зөрчсөн заалт, тоонуудаа Төсвийн байнгын хорооноос зассан гэж найдна. Гэвч цаашид аль нэг сайд, эсвэл Ерөнхий сайд нь сонгогдсон аймагтаа илүү төсөв хуваарилуулж батлуулдаг, эсвэл сонгуульд зориулан иргэдэд таалагдах зардал тусгадгийг засах л учиртай юм.