Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Өнгөрсөн сарын 24-нд өргөн барьсан уг хуулийн төсөлд Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой өөрчлөлтийг тусгасан юм байна. Тус санд улсын төсвөөс жилд 2-3 тэрбум төгрөг төсөвлөдгийг 10 тэрбумд хүргэн нэмэх ёстой гэж үзжээ. Төсөлд тус сангаас Монгол Улсад тодорхойлох боломжгүй өвчнийг оношлох, эмчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилт технологи шинээр нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх, ийм өвчнөөр гадаадад эмчлүүлж буй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байхаар тусгасан байна. Одоо үйлчилж буй хуульд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд зардлынх нь таван хувийг буцаан олгодог. Нэгэнт эх орондоо оношилж, эмчилж чадахгүй учраас буцаан олгох уг эмчилгээний зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн даатгал төлж байгаагүй амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгохоор зохицуулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв. Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдийн зардлын яг хэдэн хувийг буцаан олгох вэ гэсэн асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Энэ нөхцөлд эмчилгээний зардлыг хүүхдэд 50, насанд хүрсэн хүнд 20 хувиар буцааж олгохоор урьдчилсан тооцоо, судалгаа хийж байгаа. 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаадад эмчлүүлсэн зардлын нэхэмжлэл ирүүлсэн байдаг. Үүний таван хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлсөн” гэлээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.