Мазаалай баавгайг дэлхийд таниулах лого зохион бүтээх уралдааны хугацааг сунгажээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ний өдөр хүртэл бүтээл хүлээн авах хугацааг сунгасан байна.
Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон Улсад таниулах “Мазаалай” лого зохион бүтээлийн шагналын сан 10 сая төгрөг аж.
Өнөөдрийн байдлаар нийт 23 бүтээл ирснээс шаардлагад нийцэх цөөн бүтээл байгаагаас онцлох бүтээл хараахан тодроогүй тул уралдааны хугацааг сунгах шийдвэрийг ажлын хэсгээс гаргасан ажээ. Гар зургийн уралдаан биш учир гараар зурсан, өнгө дүрсээ бүрэн гаргаагүй, бичгээр саналаа илэрхийлсэн бүтээлийг лого зохиосонд тооцохгүй гэнэ.
Бүтээлд дараах шаардлагыг тавьжээ
- Мазаалай баавгайн онцлогийг тусгасан
- Монгол Улсаа олон Улсад таниулах бэлгэдэл байх
- Товч, ойлгомжтой зураг хэлбэрээр байх
- Компьютер, программ ашиглан өнгө дүрсээ гаргасан байх
- Бэлэн бүтээл ашиглах, хуулбарласан байхыг хориглоно.
Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон Улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах тул оюуны өмчийн эрхийг шилжүүлнэ.