УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай Засгийн газраас болон эмэгтэй гишүүдээс өргөн барьсан хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн байна. Эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн гуравдугаар сард санаачилсан бол Засгийн газраас уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах хуулиудын хамт өнгөрсөн сарын 13-нд өргөн барьсан билээ. Тиймээс эдгээр төслийг нэгтгэж, байнгын хороо, чуулганаар хэлэцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийг гишүүн Ц.Идэрбатаар ахлуулж, бүрэлдэхүүнд нь Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Б.Бейсен, П.Анужин нарыг сонгосон байна. Манай улсын хүн амд 18 хүртэлх насны хүүхэд 36.2 хувийг эзэлж буй аж. Мөн нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг шаардлагатай өрхөд 460 344, эрсдэлт нөхцөлд 14 207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч буйг НХХЯ-наас танилцуулсан байна. 2022 онд хүүхэдтэй холбоотой 1540, хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 бяцхан амь тасарсан харамсалтай мэдээ бий. Тиймээс хуульд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгчдэд тооцох хариуцлагыг чангатгах, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, шаардагдах санхүүжилтийг шийдэх зэрэг зохицуулалт тусгажээ.