Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өвлийн аялал жуулчлалыг хэрхэн идэвхжүүлж, цар тахлын өмнөх түвшнийг арайхийн давсан жуулчны тоогоо өсгөх вэ гээд толгой гашилгаад, тун чиг завгүй байгаа бололтой. Үүнийгээ олон нийтэд мэдэгдэх гэсэн шиг нийгмийн сүлжээнд байсхийгээд л элдэв санал, асуулт бичих юм. Эхлээд тэрбээр Монголыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах олны танил хүн, нөлөөлөгч (инфлүүнсэр) хэн сэн билээ хэмээн олон нийтээс асуусан. Хариултыг нь олчих шиг болно лээ. “Энэ сард Монголд Хятад, Солонгос, Японоос олон дагагчтай нөлөөлөгч нар ирж, өвлийн аялал жуулчлалыг сурталчлах ажлыг эрчимжүүлнэ” гэж хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Уржигдархан тэрбээр “Нэг жуулчин, нэг хонь” санаачилга хэрэгжүүлбэл ямар вэ хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс асуув.
Өнөө жил нийт 93 арга хэмжээ төлөвлөсний 88-ыг нь өнгөрсөн саруудад буюу жуулчлалын идэвхтэй улиралд зохион байгуулжээ. Үлдсэн цөөнийг нь харвал “Талын түмэн адуу”, “Хархорум фестиваль”, “Агтана хүрээт” зэрэг жуулчдыг татахад төдийлөн нэмэргүй, хуучин үйл ажиллагаа байх аж. Эндээс л бид өвлийн аялал жуулчлалд хэр зэрэг ач холбогдол өгч байгаа нь тодорхой харагдана.
Монголд ирсэн жуулчин бүрийг өвлийн аялал жуулчлалыг дэмжихэд хувь нэмэр оруулсан хэмээн хундан цагаан хониор урамшуулах “мэргэн” санаа бодож олсон юм даг уу даа. Энэхүү “санал асуулга”-д оролцогчдын олонх нь бүтэхгүй санаачилга гэж үгүйсгэжээ. Цөөн хэсэг нь “Нэгэнт гадаадынхан хонио аваад явахгүйгээс хойш хожоотой юм биш үү”, “Монголчуудын уламжлалт амьдралын хэв маягийг сурталчлах сайхан санаа” хэмээн дэмжжээ. Зарим нь бүр “Жинхэнэ биш, чихмэл хонь өгье” гэсэн санал гаргаж. Бүтэхгүй зүйл сэдлээ хэмээн дооглосны хариуд Б.Бат-Эрдэнэ сайд “Харж л бай даа” гэжээ. Магадгүй тэрбээр “Нэг жуулчин, нэг мод” хөтөлбөрийг “дүү”-тэй болгож, “Нэг жуулчин, нэг хонь” урамшууллын аяныг энэ өвөл орон даяар өрнүүлж мэдэх л юм.
Энэ бол дугаар хорооны иргэн Дондогийн гаргасан санаачилга биш, байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дэвшүүлж буй санал, шийдлийн нэг. Эндээс сайд, дарга нар олон нийтийн хандлагыг тандах замаар нийгмийн сүлжээгээр ажлаа хийдэг болсныг, манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүйг, тус салбарыг хариуцсан Засгийн газрын гишүүний мэдлэг, туршлага хэр нимгэнийг харж болохоор байна. Уг нь Монгол Улс цар тахлын хүнд цохилтод орсон аялал жуулчлалаа сэргээж, тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнийгээ ч олон улсын анхаарлын төвд оруулж, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.
Ирэх онуудыг аялал жуулчлалыг дэмжих жил болгож зарласантай холбогдуулан шинэ уриа үг, арга хэмжээний нэгдсэн календарь, олон улсын маркетинг, сурталчилгаанд ашиглах зурагт хуудаснуудыг хүртэл баталсан. Мөн аялал жуулчлалын хуулийг шинэчлэн баталж, үндэсний хороо, мэргэжлийн холбоо, улс улсын зах зээл хариуцсан төрийн бус байгууллага бий болгосон билээ. Тус салбарын сайд, дарга, мэргэжилтнүүд “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд хийх ажил, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг нарийн, тодорхой төлөвлөсөн, бүх зүйл үүний дагуу явж байгаа гэдэг мессежийг олон нийтэд өгсөөр ирсэн. “Монголд тавтай морил” хэмээх уриа үг батлахын тулд л өчнөөн олон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, сүр бадруулсан учир үүнээс цаадхыг бодлого, төлөвлөгөөндөө тусгах нь мэдээж хэмээн итгэсэн нь олон байх. Гэтэл манай Засгийн газар “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарыг сэргээн хөгжүүлэх зорилтынхоо гадна өвлийн аялал жуулчлалыг гээгээд үлдээчихэж.
Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудал бишгүй. Салбарын хөгжлийг хойш чангаах хэмжээний томоохон бэрхшээлүүдийг эрэмбэлбэл улирлын хамаарлыг арилгах буюу өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал дээгүүрт бичигдэнэ. Монгол Улс жилд ганцхан сая жуулчин хүлээж авах мөрөөдөл, зорилтыг он удаан жил тээж байгаа нь жилийн 4-5 сард нь л гадаадынханд “үүд”-ээ хэр чинээгээр нь дэлгэн нээгээд, бусад үед хаачихдагтай холбоотой. Аялал жуулчлалын аж ахуйн нэгж, байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулж, хөл дээрээ босож чаддаггүйн гол шалтгаан нь ч үүнээс үүдэлтэй. Энэ салбарыг үнэхээр хөгжүүлье, дэмжье гэвэл жуулчлалын идэвхтэй хугацааг уртасгах зайлшгүй шаардлагатай. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монголд зочлох жил” санаачилга, нэгдсэн арга хэмжээний гол цөмд нь ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт байх учиртай. Гэтэл бодлого, төлөвлөгөө боловсруулагч, шийдвэр гаргагчид уриа үг, зурагт хуудас, календарь мэтхэнд ач холбогдол өгөөд, хамгийн чухал асуудлаа анхаарлын гадна гээж орхиж. Угтаа “Манай улсад зочлоорой” хэмээн гадаадынхныг урьж, “Бид жуулчдад нээлттэй” гэж олон улсад зарлан, “2023-2025 онд нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээн том дуугарсных өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр юу хийх, хүйтний улиралд ямар арга хэмжээ зохион байгуулахаа тодорхой төлөвлөсөн байх учиртай. Даанч тэдэнд тийм бодлого, төлөвлөгөө алга.
Өдгөө манай улсыг зорих жуулчдын урсгал татарч, гадаадаас жуулчин хүлээж авдаг тур оператор компани, жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагаа үндсэндээ “царцсан”. Эсрэгээрээ өвлийн утаа, хүйтнээс дайжсан монголчуудыг гадаад руу аялуулдаг компаниудын үйл ажиллагаа идэвхэжсэн. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Ай Ти Эм-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь ч үйл ажиллагаагаа хумьж, улирлын хаалтаа хийсэн гэж хэлж байв. Гэтэл аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллагынхан саяхнаас л өвлийн аялал жуулчлалын талаар ярих боллоо. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд үндэслэн өнгөрсөн хавар байгуулсан)-ны өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг боловсруулсан төлөвлөгөөгөө ЗГХЭГ-ын даргад уржигдар л өргөн барилаа. Салбарын сайд нь олны танил, алдартай хүмүүсийг гадаадаас урьж авчирна, жуулчдыг хониор “шагнана” гээд санаандаа орсон зүйлсээ бичиж, санал асуулга явуулж эхлэв.
Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор олон улсын болон дотоодын нислэгийн тоог тогтвортой хадгалах, салбарын аж ахуйн нэгжүүдэд 55 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгох, хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргаад буй. Гэтэл бодит нөхцөл байдал дээр манай улсын аялал жуулчлал хүйтэн сэрүүний улирлын бараа сургаар хэдийн “царцаж” эхлээд байна. Аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаагаа зогсоох нь зогсоогоод, хумих нь хумьчихлаа. Орон нутгийн нислэгүүд ч саарлаа. Жуулчдын урсгал татарсан гээд хотын төвөөс Хөшигийн хөндий рүү явуулж байсан нийтийн тээврийн автобусаа хүртэл зогсоочихсон шүү дээ. Зочлох жилд зориулсан гэх тодотголтой арга хэмжээнүүд ч татарлаа.
Өнөө жил нийт 93 арга хэмжээ төлөвлөсний 88-ыг нь өнгөрсөн саруудад буюу жуулчлалын идэвхтэй улиралд зохион байгуулжээ. Үлдсэн цөөнийг нь харвал “Талын түмэн адуу”, “Хархорум фестиваль”, “Агтана хүрээт” зэрэг жуулчдыг татахад төдийлөн нэмэргүй, хуучин үйл ажиллагаа байх аж. Эндээс л бид өвлийн аялал жуулчлалд хэр зэрэг ач холбогдол өгч байгаа нь тодорхой харагдана. Уг нь жуулчдын урсгал эрс татардаг энэ үед л олон улсын чанартай хурал, зөвлөгөөн, уулзалт, үндэсний онцлогтой арга хэмжээнүүдээ зохион байгуулж, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхнаа дэмжсэн бол илүү тохиромжтой байлаа. Мөн зорчигчдын урсгалд онцгой нөлөөлдөг бүх төрлийн тээврийн хүртээмжийг энэ үед л илүү нэмэгдүүлж, хөнгөлөлт, урамшуулал зарласан бол цагаа олох байв. Харамсалтай нь, “Монголд зочлох жил” санаачилгыг хэрэгжүүлэгчид энэ бүхнийг олж харсангүй.